“Vogue”-д онцлогдсон монгол залуу H.Oдмөнх

Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүл шинэхэн дугаарынхаа “Runway” буланд Монголын дизайнер Н.Одмөнхийг онцлон танилцуулжээ. Тодруулбал, фэйшн эдитор Лайрд Боррелли-Персон “House of Od brend” гудамжны чөлөөт загвараа танилцууллаа” хэмээх нийтлэл бичжээ. Н.Одмөнхийн хувьд өнгөрсөн оны есдүгээр сард “Vogue” сэтгүүлийн зүгээс цахим шуудан хүлээн авч, ийнхүү өөрийнхөө ажлыг таниулах болсон байна.

Сонирхуулахад, энэ нь түүний “Vogue” сэтгүүл дээр гарч буй анхны тохиолдол биш юм байна. Тэрбээр “Vogue” сэтгүүлийн 2016 оны хоёрдугаар сард гарсан нэгэн нийтлэлд “Монголд төрөн, Шведэд үйл ажиллагаагаа явуулдаг хувцасны дизайнер ба “Sad Boys” хамтлагийн дотны найз Одмөнх” хэмээн танилцуулагдаж байжээ.

Дэлхийн хэмжээнд хэдийнэ нэрээ дуулгаад амжсан дизайнер Н.Одмөнх өдгөө 28 настай. 17 насандаа Швед Улсыг зорьсон тэрбээр коллежид загварын чиглэлээр суралцаж, дараа нь урлагийн сургуульд элсэн оржээ. Тэрбээр сургуульд байхдаа “Drain Gang” хамтлагийн реппер Ecco2K-тэй танилцаж, 2014 оноос эхэлж “Sad Boys” хамтлагийн гол төлөөлөгч Yung Lean, “Drain Gang”-тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Н.Одмөнх нь тэдэнд зориулан хувцас урлаж, бүтээлч захирлын үүргийг гүйцэтгэж иржээ. Шведийн эдгээр реппер залуус сүүлийн жилүүдэд хөгжмийн ертөнцөд шинэ урсгал, хөдөлгөөн үүсгээд байгаа бөгөөд үүгээрээ загварын салбарт ч бас багагүй нөлөө үзүүлсэн байна.
Н.Одмөнх хамгийн анхны загвараа бага ангидаа гаргасан бөгөөд багаасаа л хувцас урлан өмсөх дуртай нэгэн байснаас гадна маш их загвар гаргаж, янз бүрийн юм сэтгэдэг байсан аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …