Олон Улсын “Найрамдал” зуслан 40 нас хүрлээ

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг утсан арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр тус цогцолборт боллоо. Улаанбаатар хотоос 27 км-ийн цаана орших “Найрамдал” зусланд зочилсон сурвалжлагаа хүргэж байна. Бид Хүүхдийн ордноос автобусанд сууж нэг цаг гаруй хугацаанд замаа туулж “Найрамдал” зусланд очлоо. Биднийг очиход зуслангийн хамт олон угтан авч энэ өдрийн хөтөлбөрт арга хэмжээнд орсон юм. Нэг цаг гаруй автобусанд хөдөлгөөнгүй явсан бидний чилээг гаргаж амрагч хүүхдүүдийн өглөө болгон хийдэг дасгалыг хөгжмийн аянд хийж хөгжилдсөн.

Үүний дараа Одон орны танхимтай танилцаж гариг эрхсийн гайхамшгийн мэдрэв. “Хүүхдүүдээ айхгүй биз дээ” энэ бол одон гаригийн ертөнцөөр биднийг аялуулсан багшийн хэлсэн үг юм. Тас харанхуй өрөөнд ороод суухад эхэндээ эвгүй байсан. Магадгүй багшийн хэлснээр айдас төрүүлэх зүйлс гарч ирэх юм болов уу гэж бодогдсон. Гэхдээ эсрэгээрээ гайхамшиг бий болж бидний дээр од эрхэс түглээ. Үүнийг найрамдал зусланд амарч байсан хүүхдүүдээс сонсож байсан болохоос биш өөрийн нүдээр харахад гайхамшигтай санагдлаа.

Мөн биднийг Найрамдал зуслангийн тогооч өөрийн гарын хоолоор дайлав. Магадгүй яг энэ амтыг хүүхэд ахуйдаа мэдэрч байжээ. Энэ үеэр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн “Манай зуслан ОХУ, Япон, Солонгос зэрэг орны хүүхэд залуучуудын байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн 2000 оноос эхлэн бие даасан гадаад харилцаагаа хөгжүүлж, Азийн орны зуслангуудын холбоог санаачлагч, Олон улсын зуслангуудын холбооны тэргүүлэгч гишүүн болсон байгаа. Мөн олон улстай хүүхэд багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллаж байна” гэсэн юм.
Хүүхдийн гэх тодотголтой энэ ертөнцөөр аялж, богино хугацаанд ч гэсэн хүүхэд насандаа очсон мэтээр бодох сайхан байлаа.

Олон улсын Найрамдал зуслангийнхаа хамт олонд 40 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …