Бөхийн хорхойтон сэтгэлийн хаттай залуу

Монголчууд бөхөө дээдэлж зургийг нь бурхныхаа хажууд хоймортоо тавьж, тэдэнтэй гар барьж, хөлсөнд нь хүрвэл хэсэгтээ л хийморьтой явна гэж бэлэгшээдэг.

Бөхчүүд явсан газар хүүхэд хөгшидгүй цуглаж, яриа хөөрөө өрнүүлэхийн түүс болдог. Гэвч манай бөхчүүд ард иргэдээсээ ихэнхдээ зугтаж, аль болохоор холхон явахыг боддог. Ямар сайндаа л шүтдэг бөхтэйгээ зургаа авахуулах гэж хэлгүй, дүлий хөөрхий нэг залуу аваргын байрны орцыг сар шахуу, араас нь хөөцөлдөх вэ дээ. Өнгөрсөн зун Өсөхбаяр аваргыг барилдааных нь бэлтгэлийг хийж байхад бөхөд хайртай хэлгүй, дүлий залуу өдөр болгон нэлээд хэдэн км газар дугуйтай явж уулнаас янз бүрийн жимс түүж ирэн, түүнд өгдөг байж.

Хэд хэдэн ч удаа Өсөхөө аваргад таван литрийн бидоноор жимс авчирч өгчээ. Түүнийг нь ч аварга бөхчүүдтэйгээ хуваагаад иджээ. Удаа ч үгүй аваргын бэлтгэл дуусч, хот руугаа явжээ. Намар болж дугуйтай залуу ч хотод ирж. Хүндэлдэг бөхдөө жимс зөөж өгсөн болохоор баяр хөөр болсон залуу Өсөхөө аваргатай зургаа авахуулахаар түүнийг хайжээ. Хүнтэй бодсон санаснаа ярьж чадахгүй болохоор сонин дээрээс Өсөхөө аваргын зургийг хайчлан авч жижигхэн альбомонд хийж энд тэнд тааралдсан хүмүүсээс асууж сурагласаар яваад гэрийг нь арай чүү нэг юм олжээ. Аварга ч хөөрхий түүнтэй ганц зураг авахуулах зав гаргахгүй хэд хоноод гадаад явчихсан юм байна. Тэр хойгуур нь байнга гэрт нь ирж аваргыг сураглан байрных нь орцыг сахиж суусны эцэст Улс тунхагласны баярын өдөрт зориулсан барилдаан дээр нэг зурагчинг дагуулан барилдаан дууссаны дараа хүлээж байгаад зургаа авахуулжээ.

Ядруухан хувцасласан тэр залуу олдсон хэдэн төгрөгийнхөө нэлээд хэсгийг бөхчүүдийн зургийг худалдан авахад зориулдаг бололтой. Учир нь тэрээр хоёр альбом дүүрэн бөхийн зурагтай. Ихэнхдээ Өсөхөө аваргын зураг байсан. Альбомоо гялгар уутанд хийгээд гадуур нь бас даавуун уутанд хийснийг нь харахад бөхөд үнэхээр ээлтэй харагдаж байлаа. Олон түмэнд хүндлэгдсэн бөхчүүд маань өөрсдийг нь дэмждэг хүндэлдэг ард иргэддээ хааяа ч болов их зангаа хаяж дунд нь орж, зураг татуулж, гар барьдаг ч болоосой.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …