Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин 200 гаруй жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн.
Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.
Өнгөрсөн 105 жилийн хугацаанд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернет дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсч хөгжиж, Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.
Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.
Цаашид ч иргэдийнхээ мэдэх эрхийг хангах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно.
Эрхэм сэтгүүлч нөхөддөө Монголд Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.
Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс нь өөдрөг байх болтугай.
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү