Сайнсүүлийн Баттулга “Өөлд аман аялгуу” сэдвээр докторын зэрэг хамгааллаа

Өнөөдөр Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн танхимд дэд профессор Сайнсүүлийн Баттулга “Өөлд аман аялгуу” сэдвээр хэл шинжлэлийн докторын зэрэг хамгааллаа. Тэрээр энэ сэдвээр арав гаруй ном бүтээл хэвлүүлж, 2011 онд дэд профессор цол хүртээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр “Өөлд аман аялгуу” сэдвээр хэл шинжлэлийн ухаан доктор боллоо. Яагаад энэ сэдвийг сонгон авах болсон талаар түүнээс тодруулахад, тэрээр “Монгол хэл шинжлэлд нутгийн аялгууны судлал хоцрогдсон байсан. Цөөн хүн энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсэн байдаг ч хангалттай бус. Миний судалгаа өнөөгийн Өөлд хүмүүсийн амьдарч буй орчин, Өөлд аман аялгууны мөн чанар юу байсан бэ гэдгийг л харуулахыг зорьсон. Энэ судалгааны ажилд олон жилийг зарцуулсан байна. Үндсэндээ 1975 оноос хойш бодож, төлөвлөж, материалаа цуглуулсаар сүүлийн гурван жилд докторын судалгааны ажилдаа голлож анхаарч ажиллалаа.

Миний судалгаа зөвхөн Өөлд аман аялгуу биш өнөөгийн Монгол хэлний дархлааг хадгалж, хамгаалахад чиглэж байгаа.  Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монголд 10-аад нутгийн аялгуу, хэл байна гэж тогтоосон байдаг. Тэгвэл үүнийг л бид судалж, нарийвчлан сайн мэддэг болсноор өнөөдрийн гудманд байгаа харь үгс арилах боломжтой болно. Мөн нутгийнхаа аялгуунуудыг сайтар судлаж чадвал Монгол хэл минь улам л баялаг болох юм” гэлээ.

Мөн тэрээр “цаашид Жангарын туужийг судална. Тус туужид дурдагдсан баатруудын тухай Шинжааний Өөлдүүдэд хадгалагдан үлдсэн хоёрхон баримт байдаг. Нэг нь надад байна. Тэгвэл үүнийгээ халхын аялгуутай харьцуулж, уншигчдын хүртээл болгох хүсэлтэй байгаа. Түүнээс гадна Өөлд ардын дууны талаар нэгдсэн судалгаа хийх, Өөлдийн өв соёлыг өөрийн мэдэж байгаа хэмжээндээ судалж, олон нийтэд таниулах зорилго тавин ажиллаж байна” гэдгээ докторын зэрэг хамгаалсаны дараа мэдэгдсэн юм.

С.Баттулга нь 1946 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Ховдын Багшийн сургууль, Улсын Багшийн Их сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 1998 оноос хойш Галдан бошогт хааны түүх, Өөлдийн түүх соёл, аман аялгууг судлах ажилд өөрийгөө зориулж байгаа нэгэн юм.


Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …