Агуу “Титаник” хөлөг онгоцны нууц

Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт “Титаник” хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид олон тайлбар, дүгнэлт гаргасаар байгаа. 1912 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө, эл аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ.

Живсэн хөлөг онгоцыг 1985 онд Роберт Баллад гэгч хүн олж илрүүлсэн байдаг. Хөлөгт зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод үйлчлэх тансаг зоогийн газар байсан бөгөөд тус зоогийн газар 66 ажилтантай байснаас хоёр эмэгтэй зөөгч, нэг зохион байгуулагч залуугаас бусад нь бүгд сүйрлийн үеэр амиа алджээ. Тэдгээр нас барагсдын дотор зоогийн газрын эзэн Гатти ч мөн байв. Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох Элизабет Гладис Милвина Дин гэгч эмэгтэй 2009 онд ертөнцийн мөнх бусыг үзжээ.

Титаникийг бүтээхэд 7.5 сая ам.доллар зарцуулсан. Хөлөг онгоцны зангууг аврахын тулд 20 морь ашигласан бөгөөд хөлгийг бүтээх явцад хоёр ажилчин нас баржээ. Титаникийн үлдэгдэл дээр очиж үзэхийг хүсвэл Deep Ocean Expeditions компанид захиалга өгч болох аж. Тус үйлчилгээ нь 59000 ам.долларын үнэтэй бөгөөд таныг далайн гүнд буй Титаник хөлөг дээр хүргэж өгөх юм.

Титаник сүйрсний дараа нас барагсдын цогцосыг уснаас гаргахаар найман хөлөг онгоц ирж байжээ. Харин дээрх зурагт амьд үлдэгсдийг сэтгэл түгшин хүлээж зогсоо хүмүүсийн харагдаж байна.

Титаник кинон дээр хөлөг онгоц живж байхад найрал хөгжимчид хөгжмөө тоглосоор байгаа тухай гардаг. Энэ бол уран сайхны хэтрүүлэг биш аж. Айж балмагдсан зорчигчдыг тайвшруулахын тулд эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байсан хөгжимчдийн зураг.

Титаник хөлгийн ахмад Эдвард Ж.Смит тэтгэвэртээ гарахын өмнөх хамгийн сүүлийн аялалдаа гарчээ. Тэрээр хөлгийн багийнхандаа хандан, “За, хөвгүүд ээ! Эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг чадахаараа анхаарч, өөрсөддөө санаа тавиарай” гэж хэлсэн нь түүний сүүлчийн үг байв. Аялал эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа аяллын багийнхан аюулт мөсний тухай зургаан удаа ахмадад илтгэжэсэн. Гэвч тэд аяллаа цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь аймшигт үр дагавар авчирсан билээ.

Титаник хөлгийг сүйрэхээс 15 жилийн өмнө Нью-Йорк хотын “Арчибальд Уэлш болон К°” хэмээх хэвлэлийн газар Морган Робертсон гэгч ахмадын хөлөг онгоцныхоо сүйрлийн тухай бичсэн уран зөгнөлт номыг хэвлэн гаргажээ. Ахмад номондоо жолоодож байсан суудлын хөлөг онгоц нь сүйрэх үед хэрхэн амьд гарсан тухайгаа бичсэн байна.

Хамгийн сонирхолтой нь номонд өгүүлсэн хөлөг онгоц “Титан” гэдэг нэртэй байсан бөгөөд хөлөг онгоцны овор хэмжээ, техникийн үзүүлэлт, аврах завины тоо болон амь эрсэдсэн зорчигчдын тоо зэрэг нь тэр үед бүтээгээгүй байсан Титаник хөлгийнхтэй яг адилхан байжээ. Санаанаасаа зохиосон “Титан” хөлөг бас л Титаник хөлөг шиг мөсөн уултай мөргөлдөж сүйрсэн байна.

Уг ном худалдаанд гарсныхаа дараа тийм ч гүйлгээтэй биш байсан ч 1912 оны дөрөвдүгээр сард Титаник хөлгийг сүйрсний дараа эрэлт нь ихэсч хэвлэлийн газарт их орлого оруулжээ. Зохиогч номондоо хөлгийн сүйрлийн талаар яг л баримттай юм шиг бичсэн байв. Зохиомол Титан хөлгийн сүйрэл Титаникийн сүйрлийн өрнөлтэй яг адилхан байсан нь уншигчдыг гайхшруулсан.

Титаник хөлөг онгоцон дээр ердөө 20 аврах завь байсныг түүхчид тэмдэглэжээ. Тэдгээрт 1178 хүн л багтах боломжтой байсан бөгөөд харин хөлөг онгоцон дээр 1316 зорчигч, багийн 885 гишүүн байжээ. Эмгэнэлт явдлыг илүү гунигтай болгохын тулд бүх зүйлийг зориуд бэлтгэсэн мэт…

Энэ “зориуд бэлтгэсэн зүйлийг” өрнөдийн олон зохиолч анзаарчээ. 1995 оны зургадугаар сард Лондон хотод Роберт Гардинер болон Дан ван дер Вата нарын бичсэн “Титаникийн нууц” нэртэй ном худалдаанд гарсан байна. Зохиогчид эмгэнэлт үйл явдалтай холбоотой маш хачин нөхцөл байдлуудын тухай бичсэн. Тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан “Олимпик”, “Титаник” болон “Британик” хөлгийг эзэмшигч “Уайт стар лайн” компанийн эзэн Пирсон Морган эцсийн мөчид эрүүл мэнд нь муудсан гэх шалтгаанаар Титаник хөлгөөр аялахаас татгалзсан. Хөлөг сүйрснээс хэд хоногийн дараа Морган Францын нэгэн рашаан сувиллын газар нууц амрагтай байсан нь мэдэгджээ. Түүний бие цоо эрүүл байсан байна.

Дараа нь Титаник хөлөгт Нью-Йорк хотын музейн орчин үеийн урлагийн үндсэн үзмэрүүд болох уран зургийн гайхалтай цуглуулгыг ачих ёстой байв. Гэвч цуглуулга эрэг дээр үлдсэн байна. Морганоос гадна түүний найзууд, ажил хэргийн түншүүд тухайлбал, Германы гангийн үйлдвэрийн эзэн Хенри Фрик, Америкийн тэрбумтан Жорж Вандербильт зэрэг 50 гаруй хүн сүүлчийн мөчид хөлөг онгоцоор аялахаас татгалзжээ. Яагаад тэд гэнэт ийм шийдвэр гаргасан бэ?

Сүйрсэн хөлөг онгоц ерөөс Титаник биш байсан, харин жилийн өмнө бүтээсэн “Олимпик” хөлөг онгоцтой адилхан байсан гэж дуулиан шуугиан тарьсан дээрх номын зохиолчид нотолсон байна. Олимпик хөлгийн тавцан болон их биен дээрх бичгийг нууцаар өөрчилж, уг хөлөг Титаник нэртэйгээр далайд гаргасан мэт. Яах гэж?

Жилийн дотор Олимпик хөлөгт янз бүрийн засвар хийсэн байна. Тэдгээрээс хамгийн ноцтой засвар нь мөсөн уултай мөргөлдсөний дараа хийсэн засвар юм. Шүүхээс мөсөн уултай мөргөлдсөнд Олимпик хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнийг буруутгасан бөгөөд үүний улмаас “Уайт стар лайн” компанийн эзэн сая доллароор үнэлэгдэх даатгал авах эрхээ хасуулж байжээ. Тэр үед түүнд Олимпиктой усны дусал мэт адилхан Титаникийг Нью-Йорк хотын чиглэлд аялуулах санаа төрсөн гэж “Титаникийн нууц” номыг бичигчид үзэж байгаа ажээ. Титаник хөлгийн ахмад /чухамдаа Олимпик хөлгийн ахмад/ Эдвард Смитэд мөсөн уултай бүсэд орсон ч бүх хурдаараа явах даалгавар өгсөн байсан гэнэ. Энэ бүхэн нь сүйрлийг урьдаас төлөвлөсөн байсан гэдгийг харуулж байна гэж номын зохиолчид ярьсан байна.

Хэдэн жилийн өмнө шумбагч аппаратын тусламжтайгаар 3000 мянга орчим метр далайн гүнд хэвтэж байгаа хөлөг онгоцны сэгэнд хүрч, 4000 орчим янз бүрийн эд зүйл гарган авч чадсан ч тэдгээрийн нэгэн дээр нь ч Титаник гэсэн тэмдэглээс байгаагүй нь сонирхолтой. Гэхдээ энэ бүхэн үнэхээр үнэн үү эсвэл адал явдалд дуртай хоёр хүний уран зөгнөл үү гэдгийг мэдэх аргагүй юм.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …