Ж.Баясгалан: Амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд  ордоггүй 

Хавар  хүмүүсийн дархлаа суларч, элдэв өвчин эмгэгт өртөх нь элбэг. Энэ үед хэрхэн дархлаагаа хамгаалах, ямар хоол хүнс хэрэглэх талаар НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалангаас тодрууллаа.

-Хаврын улиралд хүний дархлаа суларч амархан ядрах, өвчин тусах явдал ажиглагддаг. Тэгэхээр хавар дархлаагаа яаж дэмжих ёстой вэ?

-Монголчууд эрт дээр үеэс эхлэн улирал харгалзан хооллож ирсэн өвлийн гурван сард махаа хэрэглээд хавар, зун нь цагаан идээ, борц идэж ирсэн боловч орчин үед энэ нь алдагдах болсон. Ингэснээр биеэс хорт бодисоо гадагшлуулж чадахгүйд хүрч улмаар өвчин эмгэг тусах эрсдэл нь нэмэгддэг. Хамгийн түрүүнд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь чухал. Хөнгөн чанарын жимс, жимсгэнэ идэх хэрэгтэй. Мөн дулаан хувцаслах хавар боллоо гээд хамаг хувцсаа тайлаад хаячиж болохгүй. Хаврын салхи хавирга нэвт гэж үг бий. Иргэд ханиад хүрлээ гээд шууд эм уух, тариа, дусал хийлгэх нь дархлааг тэтгэх хэдий ч ямар нэг өөр өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг. Иймээс эмийн бус бэлдмэл хэрэглэж дархлаагаа тэтгэн, ходоод гэдсээ цэвэрлэх нь тухайн хүний биед гарч буй өөрчлөлтийг даван туулах хүч нь болж өгдөг.

-Хоол хүнсээр биед дутагдаж буй аминдэм уургийг нөхөхөөс гадна эмийн бус бэлдмэлүүд хэрэглэж болно гэдэг. Эмийн бус бэлдмэл гэж юу вэ?

-Эмийн бус бэлдмэл гэдэг нь байгалийн гаралтай ямар нэг химийн бодис агуулаагүй, ургамлын гаралтай нэмэлт, уураг тэжээлийг хэлнэ. Жишээлбэл, эмэгтэйчүүд сүүлийн үед ихээр хэрэглэх болсон “Коллаген”, Моносын “цэнэг” гэх мэт эмийн бус бэлдмэл, янз бүрийн цайнууд бий. Хамгийн гол нь иргэд гарал үүсэл, он сарыг нь харж авах, тунгийн тааруулж хэрэглэх нь чухал. Яагаад гэвэл дэлгүүрээр явж байхад хувцас зардаг лангуун дээр нөгөө Коллаген, Витамин, өөр бусад нэмэлт тэжээлүүдийг зарж байдаг учир хэнээс, хаанаас ямар бэлдмэл авахаа сайн анхаарах хэрэгтэй. Хил гаалиар шалгагдаагүй орж ирсэн гадаад нэр, шошготой янз бүрийн бэлдмэлүүд их байх болсон.

-Ядаргаанд орсон үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Толгой эргэх

Бие сульдаж, тамирдах

Ажлын бүтээмж сулрах, буурах

Нойр дутуу, бие хүндэрсэн байдалтай босож ирэх

Бухимдах, мартамхай болж, ой санамж муудах гэх мэт олон шинж илэрнэ. Тухайн хүний бие мах бодоос шалтгаалан илрэх шинж өөр өөр байдаг.

-Хавар ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой вэ?

-Шингэц сайтай хөнгөн хоол идэх хэрэгтэй. Мөн шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх. Ингэснээр биеэс хорт бодисыг гадагшлуулна. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах бус хэмжээг нь бага багаар багасгах, жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглээрэй. Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг уух, жимс, жимсгэнэ түлхүү хэрэглэх ёстой. Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог.

С.БААСАНДУЛАМ

НЭМҮТ

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …