Монгол оюутнуудын хооллолтын ЗУРГААН алдаа 

Оюутан залуус маань амьдралын хэв маяг, орчин нөхцөл эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед суралцаж байна. Тухайн оюутны амьдралаа хэрхэн, яаж зохицуулж байгаа нь тэдний амьдралын хэв маяг болдог.

Оюутан залуучуудын амьдралын хэв маягийн бодит байдал, баримтуудад дүн шинжилгээ хийхэд ихэнх оюутны амьдрал зохион байгуулалтгүй, эмх цэгцгүй байгааг гэрчилдэг. Үүнийг нэг тод жишээ нь зохисгүй, буруу хооллолт юм.

Оюутнууд хооллолтын байдалдаа дараах алдааг гаргаж байна. Үүнд:

Алдаа 1

Оюутнуудын эрүүл амьдралын хэв маяг алдагдсан. 2012 онд НЭМХ, ЭМШУИС хамтарч 17 их, дээд сургуулийн 1-2-р курсын 875 оюутнуудын дунд хийсэн “Зөв зохистой хооллолтын талаар оюутнуудын мэдлэг, хандлагын байдал” судалгааны дүнгээр нийт оюутны 50 гаруй хувь нь өглөөний цайгаа уудаггүй байна. Өглөөний цайгаа уухгүй байх нь ядрах, анхаарал төвлөрөхгүй байх, толгой өвдөх, бие сулрах, цаашлаад хоолны дэглэм алдагдахад хүргэдэг.

Мөн өлсөх, гэнэт их идэх нь хоол боловсруулалтанд муугаар нөлөөлөхөөс гадна ходоодны шүүс ялгарах хэмнэлийг алдагдуулж улмаар ходоодны эмгэгт хүргэдэг.

Алдаа 2

Хүнсний бүтээгдэхүүний шошго уншдаггүй. Тухайн хүнсний бүтээгдэхүүнд байх илчлэг, шимт бодис (уураг, өөх тос, нүүрс ус), амин дэм эрдэс бодис хэр хэмжээтэй байгааг огт сонирхдоггүй.

Энэ нь өөрийн эрүүл мэнддээ хэрэгтэй хоол хүнсээ сонгоход муугаар нөлөөлж, мөн буруу хооллоход хүргэж байна. Тухайлбал ихэнхи оюутан хийжүүлсэн ундаа болон өнгө оруулсан чихэртэй усыг худалдаж авахдаа хоосон илчлэг гэдгийг огт мэддэггүй.

Алдаа 3

Оюутнууд жимс, ногоо, сүү, цагаан идээг хэрэглэхээс илүүтэй амтат чихэр, түргэн хоол идэх нь давамгай байна. Оюутны хоолны газраас транс тосоор хийсэн хуушуур, пирошкийг ихэвчлэн авч иддэг.

Чихэр, вафли, жигнэмэг, шоколадыг мөн үйлдвэрүүд амтатны тос, түргэн хоолны газрууд транс тосоор хийдэг гэдгийг мэдэхгүй байна. Дээд гурил, элсэн чихэр, транс тос зэрэг холестрин ихэсгэдэг, судас хатууруулдаг, чихрийн шижин, хорт хавдар үүсгэж болох эрсдэлт хүчин зүйл болж байна.

Алдаа 4

Оюутнуудын хооллолтын буруу зуршилд хурдан хооллох, хэт их хооллох, өлсөх, явуут дундаа болон хичээл хийнгээ хоол, хүнс иддэг нь амьдралын буруу хэв маягт шилжиж, улмаар халдварт бус өвчнөөр болон бусад өвчнөөр өвдөх магадлал ихсэж байна.

Алдаа 5

Оюутнууд ус бага ууж, элдэв төрлийн өнгө оруулсан чихэр ихтэй жүүсийг голчлон хэрэглэдэг. Энэ нь бодисын солилцооны эрчимтэй явагдах үйл ажиллагааг алдагдуулдаг.

Мөн арьс, нүдээ хуурайшуулахгүй, дотор эрхтнээ чийгтэй, даралтаа хэвийн байлгая, ядрахгүй эрч хүчтэй байя, шээсээ хэвийн хэмжээнд гаргая, өтгөнөө хатаахгүй, уруулаа омголтуулахгүй, залуу хэвээр байя гэвэл өдөрт хангалттай хэмжээгээр ус, цэвэр жимсний шүүс, сүү, тараг тогтмол хэрэглэж сурах нь эрүүл мэндэд чухал.

Алдаа 6

Оюутнуудын нэг томоохон алдаа бол архи, тамхины хэрэглээ.

2009 оны “ХБӨ-ны эрсдэлт хүчин зүйлийн тархалт”-ын судалгаагаар 20 хүртэлх насны залуучуудын 4 хүний 1 нь тамхи татдаг, 4 хүний 3 нь архи хэрэглэж үзсэн гэсэн судалгааны тоо баримт байна. Тэгвэл 2013 оны тус судалгаагаар 15-24 насны хүмүүсийн тамхины хэрэглээ бага зэрэг буурсан ч (27.1%) энэ насны архи, согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн хандлага ажиглагдаж байна.

Архи, тамхийг идэр залуу наснаасаа хэрэглэх, буруу хооллох  нь ХБӨ болон бусад халдварт өвчний эрсдэлт хүчин зүйл болж байгааг оюутан бүр анхаарч, эрүүл мэндээ хамгаалахын тулд хорт зуршлаас татгалзаж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж сурах хэрэгтэй. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …