Америкийн 67 настай иргэн Билл Хендрикс фитнесээр хичээллэдэг бөгөөд түүнээс үлгэр дууриалал авсан олон хүн спортоор хичээллэхээр шийджээ. Тэрээр үр дүнгийнхээ зургийг сошиалаар хуваалцаж эхэлснээс хойш алдартай болж, зөвлөгөө өгч эхэлжээ.
Билл хэлэхдээ “Дасгал сургуулилтынхаа талаар бусадтай хуваалцаж, зөвлөгөө өгөх сайхан байдаг. Дасгал хийж байгаа бичлэгээ ч мөн бусдад харуулдаг. Би өдөр бүр зөв хооллохыг хичээж овьёос, шарсан өндөг, тахианы мах, ногооны салат иддэг. Харин зохидоггүй учраас согтууруулах ундаа хэрэглэдэггүй” гэжээ. Өдөрт иддэг хоолных нь 40 хувь нь уураг, 40 хувь нь нүүрс ус, 20 хувь нь өөх тос байдаг аж.
Тэрээр бялдаржуулах урлагийг сонирхогчдоос гадна алдартай тамирчдад ч урам болсон. Долоо хоногийн зургаан өдөр, хоёр цаг дасгал сургуулилт хийдэг. Билл “Би хувийн дасгалжуулагч биш, мэргэжлийн зөвлөгөө ч өгдөггүй. Сонирхдог болохоор нь хүмүүст юу хийж байгаагаа л харуулж байна” гэсэн.