Загвар өмсөгч Б.Билгүйтэй энэ сарын 21-нд Зайсан Хиллд байрлах Prime CinePlex кино театрт нээлтээ хийх Солонгосын J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрд тогложээ.
Тэрбээр өмнө нь Монгол улсын усан спортын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 2013 онд Бангкокийн их сургуулийг програм хангамжийн мэргэжлээр төгсжээ.
Загварын салбарт 2010 оноос хойш өнөөг хүртэл Тайланд болон Азийн зарим оронд моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтран ажиллажээ. Түүнчлэн 2012 онд Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай юм.
“Хар бороо” кинонд тэрбээр Чингүүн хэмээх Монгол залуугийн дүрд тогложээ. Киноны үйл явдлаас дурдахад Солонгос улс руу гэр бүлээ тэжээж, мөнгөний төлөө хар ажил хийхээр явдаг бүлэг хүмүүс байхад, Солонгос мөрөөдөл тээн, ирээдүйнхээ сайн сайхны төлөө хөгжингүй улс хэмээн зорьдог хэсэг ч бий.
Тэдний нэг нь Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн юм. Түүний ур чадварыг сайшаасан багш нь нэгэн корпорацийн ерөнхийлөгчид Чингүүнийг ажилд авахыг санал болгоно.
Чингүүний Солонгос мөрөөдөл биелж, амжилттай бизнесмэн болж чадах эсэх нь зөвхөн түүний сонголтоос хамаарна. Гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг Монгол залуучууд хэрхэн амиа хайрлалгүй сөрж зогссон тухай энэхүү кинонд өгүүлэх аж.