Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний цэг салбаруудад “Тамхины хяналтын тухай” хууль хэрхэн хэрэгжиж буйг хянах зорилгоор сургуулиас 500 метр доторх байршилд худалдаа үйлчилгээ эрхлэн явуулж байгаа цэг салбарууд шалгалт хийлээ. Шалгалтыг дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 23-ны өдрийн 20-22 цагийн хооронд ТХҮХ-ийн Худалдааны салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Энхтунгалаг, Цагдаагийн хэлтсийн хэв журмын ахлах байцаагч, ахмад С.Бат-Эрдэнэ, Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Түмэндэлгэр нар шалгалаа.
Шалгалтыг сургуулиас 500 метр доторх байршилд хүнсний худалдаа эрхлэн явуулж байгаа, тамхи худалдаалах эрхгүй, хууль зөрчин тамхи худалдаалж байна гэж иргэдээс гомдол мэдээлэл ирсэн цэгүүдэд болон бусад цэгүүдэд хийсэн бөгөөд “Тамхины хяналтын тухай” хуулийг зөрчөөгүй гэдгийг нь баталгаажуулах үүднээс эрх бүхий шалгалтын комиссын ажилтанууд зарим дэлгүүр дэх агуулах, лангуун дотор тамхины нөөц хадгалагдаж буй эсэхийг шалсан байна. Шалгалтанд 16 худалдаа үйлчилгээний цэг салбар хамрагдсанаас гурван цэгт “Тамхины хяналтын тухай” хуулийг хэрэгжүүлээгүй зөрчилтэй байв. Үүнд:
5-р хорооны Залуусын задгайд байршилтай З.Нарангаля захиралтай “Найман наран” ХХК-ний хүнсний дэлгүүрээс 69 хайрцаг тамхи, 3-р хорооны 30–р байрны 01 тоотод байршилтай н.Ганболд эзэнтэй “Зэгэстэй” хүнсний мухлагаас 42 хайрцаг тамхийг дүүргийн МХХ–ийн байцаагч хураалаа. Үүнээс гадна н.Авирмэд эзэнтэй “Марал” хүнсний дэлгүүрт тамхи нууцаар худалдаалан хууль зөрчиж буй тухай иргэдийн мэдээлэл, гомдол ЗДТГ-т ирсэн боловч шалгалтаар зөрчил илрээгүй байна. Мөн 3-р хорооны 38-р байрны 01 тоотод байршилтай н.Хишигжаргал эзэнтэй “Төгөлдөр” хүнсний мухлаг нь тамхи худалдаалж хууль зөрчиж буйг иргэд бичлэг хийж фейсбүүк хуудсандаа нийтэлсэн. Энэхүү цэгийг мөн зөрчил гаргасан цэгийн тоонд оруулсан байна. Шалгалтын бүрэлдэхүүн илэрсэн зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлж ажиллахыг цэг салбаруудад анхаарууллаа.