Б.Энхтунгалаг: Давсны хэрэглээгээ бууруулахын тулд хамгийн түрүүнд ууж байгаа цайгаа давсгүй болго

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв давсны зохистой хэрэглээний мэдээлэл сурталчилгааны долоо хоногийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах таван арга” уриан дор тэмдэглэж байгаа юм.

Үйл ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, “Гүн шим” мэргэжил сургалтын төв хамтран хүнсний үйлдвэр болон хоолны газрын технологич, тогооч нарт “Бүтээгдэхүүний давсыг багасгах арга” сэдэвт онол, дадлагын сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Манай улсын давсны хэрэглээ өндөрт ордог. Нэг хүн өдөрт хэр хэмжээний давс хэрэглэж байна вэ?

-2011-2012 онд хийгдсэн “Монгол хүний давсны хэрэглээ” судалгаагаар насанд хүрсэн хүн өдөрт 11гр давс хэрэглэж байна гэсэн дүн гарсан. Уг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжид 5 гр-аас бага давс хэрэглэх ёстой гэдэг. Гэтэл манайх хоёр дахин их давс хэрэглэж байна. Бүс нутгаар ангилбал хэрэглээ янз янз байх бөгөөд зарим бүс нутгийн давсны хэрэглээ хэт өндөр байгаа юм.

-Давсны хэрэглээ өндөр байх нь эрүүл мэндэд хортой гэдгийг иргэд мэддэг болсон. Гэвч хоол хүнсэн дэх давсыг хэрхэн тохируулах талаар мэдэхгүй байна. Давс ихтэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

-Давс ороогүй хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Ялангуяа үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа бидний хэрэглэдэг талх, хиам, төрөл бүрийн амтлагч, нөөшилсөн бүтээгдэхүүнүүдийн найрлагад давс маш ихээр орсон байдаг.

-Давсны хэрэглээгээ бууруулахын тулд яах ёстой вэ?

-Давсны хэрэглээгээ бууруулахын тулд хамгийн түрүүнд ууж байгаа цайгаа давсгүй ууж хэвших хэрэгтэй. Мөн хоолондоо хийж байгаа давсныхаа хэмжээг багасгах, төрөл бүрийн амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бидний хэрэглэдэг бульон, шөлний амтлагч, цуу, жан,шүмс/ соус, кетчуп зэрэгт давсны агуулж маш өндөр хэмжээтэйгээр агуулагддаг. Үүнийг хэрэглээнээс хасах шаардлагатай.

-Давсгүй хоол цай гэхээр төсөөлөгдөхгүй байдаг юм. Тэгвэл давсныг хэрхэн орлуулж болох вэ?

-Цагаан гаа, яншуй, сонгино, сармис, нимбэг, хөмөөл, халайр зэрэг бүтээгдэхүүнүүдээр давсыг орлуулж хэрэглэж болно. Мөн давсыг багасгахад хүний амтлах мэдрэмж ч түүнд хурдан дасан зохицдог.

-Чихрийн шижинтэй хүмүүс давсны хэрэглээгээ хэрхэн хянах ёстой байдаг вэ?

-Давсанд агуулагдах натри, глюкоз нь чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлж байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс давсны хэрэглээгээ заавал хязгаарлах ёстой. Хоол цай гэлтгүй утсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс ч татгалзах ёстой юм.

Хүний биед давс ихэдсэнээр таргалах, артерийн даралт нэмэгдэх, тархины цус харвалт, зүрхний шигдээс, ясны сийрэгжилт, бөөрний чулуу, ходоодны хавдар үүсэхэд гол нөлөө үзүүлдэг байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …