47 сая ам.доллараар хятадууд гүүр барихаар болсон тухай мэдээлэл байна. Гэвч энд Монголын компани дөрвөн сая ам.доллараар нүхэн гарц хийгээд өгье гэсэн саналаа хүргүүлсэн байна. Даанч үүнийг нь нэг нөхрийн байгууламжаас болоод дэмжих аргагүйд хүрч, ямар сайндаа л 47 сая ам.долларын аманд багтаж, гүүрэн зам тавиулахаар болчихоод хотын дарга маань иргэдийнхээ “хараалыг идэж” сууна.
Зам тавихын тулд зам хаах шаардлагатай. Одоо түгжирч ядаж байгаа хотын хөдөлгөөн улам л удааширна л гэсэн үг. Энэ удаашралыг зохицуулах санаатай хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх гээд хотын дарга буруудаж, чихэндээ хонх зүүгээд авлаа.
Гүүрэн зам барих гэж зүдэрч байснаас нэг байшинг л нураачихаад өргөн зам тавьбал илүү хямд тусна гэдгийг хотын иргэн бүр мэдэж байгаа. Энэ л асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүртэл өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Асуудал уг нь тун энгийн. Ерөнхийлөгчид ч энэ хэмжээний эрх мэдэл бий. Холбогдох албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаж оруулж ирээд үүрэг даалгавар өгөх, бүр болохгүй бол хэвлэлийнхний өмнө “Эби” шиг загинасан ч болохоор.
Үнэхээр хотын эрх ашигт нэг хүний өмч нөлөөлж байгаа бол үүнийг төрийн шийдвэрээр зохицуулах боломжтой л санагдаад байгаа юм. Дараа нь гүүрээр зорчих уу, нүхээр зорчих уу, аль нь хямд вэ, аль нь найдвартай вэ гээд ярьж болохоор л байна шүү дээ.