Хаа унтвал дээр вэ?
Ри багш хөдөө явжээ. Тэд аймгийн төвд ирэв гэнэ. Жолооч нь:
-Ринчен гуай та зочид буудалд хүргүүлэх үү?
-Жоом
Жорлонд ойр байхыг хичээдэг
Батгана
Баасанд ойр байхыг хичээдэг.
Морь мал
Өвсөнд ойр хонодог.
Монгол хүн
Салхинд хажуулахыг эрхэмлэдэг.
Шил газрын
Сэрүүн сэвшээнд ор засъя.
Од нөмөрч
Онгод хийморио сэргээж хоноё гэжээ.
Үүнээс хойш, түүнээс цааш, жолооч, эрдэмтэн хоёр зочид буудалд бус цэцгэн дунд, цэнгэг агаарт хонон хоносоор хотод буцаж ирсэн гэнэ ээ.
Жич. Урьд алтан шарын жолооч бүлгээ, өдгөө автын сайн дурын байцаагч Хуушааны ярьсан хуучаас найруулав.
Хирэн тамга
Ри багш монгол үндэстнийхээ хэл соёл, ардын сайн сайхан ёс заншлыг бахдан магтахын зэрэгцээ бүдүүлэг ёс, муу зуршлыг шударга үгийн төмөр шилбүүрээр хайр найргүй ороолгодог байв. Тэрбээр нэг удаа зээ хүү Ж.Адъяагаасаа:
-Чи орос, хятад, монгол гурван хүн гараа хэрхэн угаадгийг мэдэх үү гэжээ.
-Үгүй. Бодвол адил биз ээ гэсэнд:
-Орос хүн хирээ сайтар савандаж угаадаг, арчдаг.
-Хятад хүн норгосон алчуураар хирээ сайтар арчаад, анх булхсан түмпэнтэй усандаа алчуураа угаадаг. Гар нь бага зэрэг хиртэй, алчуур нь хиргүй болдог.
-Монгол хүн хирээ норгодог. Тэгээд арчдаг. Алчуур дээр нь 10 хурууны хирэн тамга дурайж үлддэг гэжээ.
Жич. Москва хотноо 1980 оны эцсээр Нийгмийн Шинжлэх Ухааны Академид цуг ном зузаалж байсан түүхч Ж.Болдбаатарт, Ри багшийн зээ хүү Ж.Адъяагийн ярьсан хуучаас найруулав.
Үхрийн орчуулагч
Ри багштан бол эрдэмтэн сэхээтэнд бол багш, эгэл олондоо бол шавь байлаа. “Цогт тайж” кинон дээр Цогт тайжийн ээж хүүхдүүдэд хичээл заахдаа ярьдаг шиг “Хамгийн сайхан үгийг харцын овоохойноос хайдаг” хүн байв. Тэгээд ч жил бүрийн дэлгэр цагт эрдэм шинжилгээний анги ахлан аман зохиол, хэл түүх, угсаатны зүйн аянд морддог байлаа.
Тийнхүү 1964 онд Булган нутгаар аялжээ. Алдар суут “Бүрхээр” уулын өврөөр гарч явтал замын голд нэг гуна хэвтэнэ гэнэ. Жолооч хичнээн чагнаалдавч огт ажралгүй хивэн хивэн хэвтэж, хялалзан харж байв гэнэ. Харваас мах бэлтгэлийн үхэр аж.
-Чийчаанд дайруулбал таарах Цэхийсэн муу золиг гэж ундууцсанд Ри багш үхрийг өмөөрөн:
-Үхэр чамд, үг хэлэхийг сонссонгүй юу? гэжээ.
-Юу гэж байна гэсэнд
-Найз минь, би муу боловч Найрамдлын хотод хиам болно.
Харин чи намайг дайрвал
Хар гэрийн барам болно гэж байна шүү дээ гэжээ.
Жич. Золиосонд гаргах, амь нь үнэгүй амьтан. Золиг ч гэдэг. Аян замд цуг явсан хэд хэдэн шавийнх нь үг зөрөөтэй ч утгын зөрөөгүй хуучаас найруулав.
Хонхдохоо больсон нь
Ринчен гуай хэл шинжлэл, угсаатны зүй, ардын аман билиг, урлагийн түүх зэрэг эрдэм шинжилгээний олон талт нүсэр их ажлынхаа хажуугаар өрнө дорнын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулж, “Үүрийн туяа”, “Цогт тайж”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Гүнж”, “Сандо амбан”, “Бэр цэцэг”-ээ туурвиж, бийр үзэг эцээж, бэх бал дуусгаж ямагт завгүй суудаг байлаа.
Гэтэл их эрдэмтний рүү утас цохиж:
-Байна уу?
-Хэн бэ?
-Хаанах вэ? гэх мэтээр шалгаагсад авьяас онгодыг нь үргээж
алтан сайхан цагийг нь хумслахад өвгөн бухимддаг байж.
Тэгээд нэг сайн мэргэн арга олсон байна. Тэрбээр утас дөнгөж хангинуут аваад:
-За хүүр оршуулах газар байна гэдэг болж. Тэгэхэд цаад хүн нь:
-Ээ базарваань гэж уулгалах юм уу эсвэл
-Ээ бурхан минь гээд утсаа тасалдаг. Улмаар тийнхүү ахин, дахин хонхдохоо больсон гэнэ.
Жич. Ринчен гуайн энэ онигоо дорхноо олонд тархсан нь: утсаар зөв ярих соёл дэлгэрүүлэхэд ч сайн нөлөөтэй болсон гэж Холбооны Яамны сайд асан Гарам-Очид 1974 нд инээн ярьж билээ.
Зовлонгоос ангижирсан нь
Аятайхан нэг эмэгтэй: орчуулагч болохоор санаа шулууджээ. Учир нь тэрбээр орос сургууль төгссөн монгол бүсгүй бөгөөд орчуулга хийвээс алдар, ашиг хоёрыг ууталж болно гэдгийг ухаарсан нэгэн санж.
Хялбардуухан нэг номыг хавтсыг нь салтал барьж явсаар орчуулж дуусгасныгаа их дуун хөрвүүлэгч Ринчен гуайд үзүүлэв. Залуу хүнийг тэгэх тусмаа юм хийх бүтээх дуртай хүнийг хэд дэмждэг өвгөн хайран сайхан цаг заваа үрж мөнөөх “орчуулгыг” улаан алаг болгоод
-За хүү минь сонин сэвүүн зохиолыг сонины хэлээр орчуулж болохгүй. Ардынхаа амттай сайхан үгээр хөрвүүлж бай гээд нэг буцааж гэнэ. Бүсгүй бас ном орчуулжээ.
Тэрбээр Ринчен гүүшээр “бөөсөө” түүлгээд, ном хэвлүүлэх арга олсондоо урамшсан нь тэр санж. Ринчен гүүш орчуулгыг гүйдмэгхэн уншаад
-Үг нь монгол, өгүүлбэр нь орос байна гэж цохоод буцаажээ.
Бүсгүй ер халширсангүй ахин ирсэнд:
-Чадал муутай хүн орчуулга хийх гэж махаа идэх нь
Царай муутай эм, эр эргүүлж нэрээ баасдахтай ижил бус уу гэснээс хойш ахин үзэгдэхээ больж, амар сайхандаа жаргажээ.
Жич. Монголын нэрт орчуулагчдын нэг харамсалтай нь дэндүү залуугаараа орчлонгоос буцсан Ш.Цэрэнрагчаагийн ярьсан шогоос зөвхөн эмэгтэйн нэрийг хасаж хэвлүүлэв.
Хэн эмэгтэйчүүдийн хороон дарга болох вэ?
Цэдэнбал дарга, Монголын Эмэгтэйчүүдийн Хороон дарга С.Удвал гуайг дуудаж гэнэ. Удвал гуай боджээ. “Зө хө саяхны бүгд хурал дээр ажил муу” гэж бангадуулсан П.Дамдин Хөнгөн Хүнсний Үйлдвэрийн Яамны сайдаасаа Улс төрийн товчооны орлогч гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болж дэвшсэн шүү дээ. “Ажил сайтай” гэж тус бүгд хурлын илтгэлд сайшаагдсан Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга юунаасаа ч айх билээ дээ гэж бодсоор даргын өрөөнд орж гэнэ. Дараа нэг л янз муутайхан сөлөлзөн холхиж, саравч юугаа зүлгэснээ:
-За чи өргөдлөөн бич гэжээ.
-Юун тухай өргөдөл вэ? Гэхэд нь
-Тэтгэвэртээ гар гэжээ. Ийнхүү С.Удвал гуай халагдсаны дараахан:
-Одоо хэн Эмэгтэйчүүдийн Хороон дарга болох вэ? гэсэн таавар олны дунд оньсого болжээ. Тэр тухай Ри гуайгаас асуусанд:
-Эмгэн болж үсээ авдаггүйгээр нь Э.Оюуныг тавьж мэднэ.
Эхнэр авч эрээ баталдаггүйгээр нь Д.Тарвааг тавьж мэднэ.
Эмс охидыг шүлэглэн магтдагаар нь Б.Явуухуланг өргөмжилж мэднэ.
Эцсийн эцэст хэнийг тавихыгаа Бал дарга бус АЖАА МАМ мэднэ гэжээ.
Жич. Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны дарга С.Удвалын туслахаар олон жил ажилласан зохиолч Д.Лхасамбуугийн ярьсан шогоос сэдэвлэн найруулав.
“Хөх толбо” сонин