Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал асуулга энэ сарын 13-нд дуусна 

Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна.

Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна.

Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал асуулгын явагдаж дуусаагүй байтал иргэдийг санаатайгаар төөрөгдүүлэх мэдээлэл тарааж, зарим талаар улс төржүүлж буйд харамсч байна.

Автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулгад оролцохыг хүсвэл та доорх хаяг холбоосоор хандаж оролцох боломжтой.

Санал авч буй онлайн хаягууд :

Замын цагдаагийн алба
https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)

www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
Нийслэл хотод маань зөвхөн ганц гүүрэн гарц барихын тулд дугаарын хязгаарлалт хийхээр санал асуулга явуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлан танилцуулж байгаа. Автозам, гүүрнээс гадна автозам дагуух инженерийн шугам сүлжээний томоохон бүтээн байгуулалтууд ч өрнөнө.

Улаанбаатар хотод 2018 онд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 33.8 км авто зам, 3,185 урт метр гүүр барина.

Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа билээ.

Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.

2018 онд УСУГ-ын төлөвлөгөөнд 13 ажил багтсан. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд хийгдэнэ. Үүнээс онцгойлж хэлбэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэж эхлэх юм.

Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ.

Санал асуулгад идэвхтэй оролцож буй иргэддээ баярлалаа.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 

Санал болгох мэдээ

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, …