З.Түмэнжаргал агсны 65 насны ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд болно

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан мэндэлсний 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн  “Миний хань жил бүр “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтыг зохион байгуулдаг байсан нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Энэхүү тоглолтод дуулагддаг дуунуудаас гадна олон сюрприз үзэгчдийг хүлээж байна. Миний ханийн уран бүтээлийг найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл дуулдаг. Тиймээс тоглолтод бага ангийн хүүхдүүд “Бага насаа хайрлаж явна”,   10 жилийн хүүхдүүд “Салаа хархан гэзгэн дээр чинь”, ахлах ангийн сурагчид “Урьхан цэнхэр хавар” зэрэг дууг дуулна.  Мөн дууг нь дуулж Франц хүмүүст таниулдаг хамтлаг хоёр хоногийн дараа хүрэлцэн ирнэ. Миний хань “Үгнээс аялгуу ургадаг. Дууны шүлгийн цэг, таслал, мөр бүгд сэтгэлээс гардаг, амьтай” гэдэг байсан. Мөн дууг нь дуулж байгаа дуучид үгийг нь өөрчилж дуулахыг тэвчдэггүй байлаа. Бид өнөөдөр түүнийхээ мэндэлсний ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийж байгаадаа баяртай байна” гэв.

Тоглолтод “Харанга”, “Өргөө”, “Нюанс” хамтлаг, Улсын Филармонийн Симфони оркестр, Монголын Хүүхдийн ордны найрал дуучид, Францын “Migga&Co”хамтлаг, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, Ч.Насантогтох, Б.Дашдондог, Ө.Уянга, Ц.Өлзий-Орших, Ц.Чулуунцэцэг, МУСТА Б.Мягмарсүрэн, Н.Гантулга, С.Баттулга, Л.Тайванбат, Л.Ган-Эрдэнэ, Д.Отгонжаргал нарын нийт 100 гаруй уран бүтээлч оролцох юм байна.

Тоглолтын өмнө түүний гэр бүлийн архиваас гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Энэ үдэш нутгийн олон ах дүү, найз нөхөд нь цуглан, сэтгэгдэл, дурсамжаа хуваалцах боломжтой. Тиймээс үзэгчдийг тоглолтоос нэг цагийн өмнө ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөхийг зохион байгуулагчид урьж байна.

Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …