Иддэг хоолнуудынхаа жорыг бага зэрэг өөрчилснөөр бид их хэмжээний калориос татгалзаж чадна. Хэдхэн орцыг л солиход гэрийн хоолнууд маш эрүүл хүнс болж хувирдаг.
Баярыг ардаа орхиж, ердийн амьдралдаа ороод байгаа энэ үед бид Шинэ жилээр өөрсөддөө өгсөн амлалтуудынхаа бодит байдлыг ухаарч эхэлж байна. Бидний ихэнх нь Шинэ жилийг томоохон өөрчлөлт хийх агуу төлөвлөгөөтэйгээр эхлүүлдэг. Тийм ч учраас энэ сарын хувьд бид “харьцангуй жижиг зүйлүүдэд” анхаарлаа хандуулж байна. Учир нь олон жижиг алхам нийлж томоохон үр дүнд хүрдэг бөгөөд сэтгэлд өег биш гэнэтийн томоохон өөрчлөлтүүдтэй харьцуулахад тэдгээрт дасахад хялбар байдаг.
Сүүлчийн нийтлэлдээ би хүнсний дэлгүүрт байхдаа хийж болох өөрчлөлтүүдийн талаар зарим шинэ санааг тусгасан. Яагаад гэвэл эрүүл хооллох эндээс л эхэлдэг юм. Одоо та хоолондоо хийх эрүүл бүтээгдэхүүн, орцуудаа гэртээ авчирсан байгаа болохоор хоол хийх үедээ ч гэсэн эрүүл хэвээр байлгах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Хэдхэн жижиг зүйлийг өөрчилснөөр та гэртээ хийдэг хоол бүриээ илүү сайхан болгож чадна.
Хоолны жорыг өөрчлөх алхамууд
Хоолны жорыг өөрчлөх болоход та хамгийн түрүү ”идэх дуртай” буюу байнга хийдэг хоолнуудаасаа эхлэх хэрэгтэй. Хэрэв та долоо хоног бүр хийдэг хоолныхоо жорыг өөрчлөх юм бол таны хоолноосоо хассан тэрхүү калори урт хугацаанд асар их ялгааг бий болгоно.
Өөрчлөлт хийх эхний алхам бол орцнуудын жагсаалтыг харж, өөх тос, калори ихтэйг нь эрүүл зүйлээр сольж эсвэл тэжээллэг чанарыг нь ихэсгэж чадах уу гэдгийг үзэх юм.
Хоолондоо цөцгий ашиглахын оронд жирийн тараг хийж болох нь уу? Үхрийн татсан махны оронд цацагт хяруулын татсан мах хийж болох уу? Цагаан будааны оронд бор будаа хийснээр эслэгийн хэмжээг нэмэгдүүлж болох нь уу? Эсвэл салат эсвэл өөр ямар нэгэн зуушинд жимс хийх боломж байна уу? Бараг л адилхан амттай болгох орлох бүтээгдэхүүн, орц хэрэглэх нь их хэмжээний калориос татгалзах гайхалтай арга юм.
Үүний дараагаар зарим нэгэн орцын хэмжээг өөрчилснөөр тухайн хоолыг илүү эрүүл болгож чадах уу гэдгийг хараарай. Хэрэв жоронд тосонд шарна гэсэн байвал үүний оронд хайруулын тавгаа үе үе сэгсэрч шарах эсвэл хоолоо хутгаж шарах арга хэрэглэж болох уу? Арай бага чихэр, давс хэрэглэж болох уу? Хийх ёстойгоос хоёр дахин их ногоо хийж болох нь уу? Хэдхэн зүйлийг өөрчлөөд л ямар их калориос татгалзаж болохыг хараад та гайхшрах болно.
“Зөвийг бүү буруутга”
Гэхдээ танд нэг зүйлийг анхааруулмаар байна. Хэдэн орцыг калори багатай зүйлээр сольж хийснээр та тэрхүү калорийн зөрүүн дээр “тоглолт” хийж болно гэсэн үг биш юм. Миний үйлчлүүлэгчид ийм зүйл хийж байгаад надад байнга баригддаг. Тэд эхлээд загас, ногоо гэх мэт калори багатай, эрүүл хүнсийг хоолондоо хийснээ дээрээс нь маш их калоритой зүйлийг нэмдэг. Хайрахын оронд шарж, жигнэхийн оронд сүмсэнд болгодог бөгөөд дуусах үед чийзбургер идсэнтэй тэнцүү хэмжээний калорийг авсан байдаг.
Хоолоо эрүүл болгохын тулд орцоо өөрчлөх аргууд
Хоол хийж байхдаа өөх тос, калорийг багасгах, мөн бүхэл үрийн бүтээгдэхүүн ашиглан эсвэл ногоо, жимс нэмж хоол хийх хамгийн шилдэг аргуудаа энд багтаалаа. Мөн хамгийн дуртай хоолнуудынхаа жорыг илүү хөнгөн чанарын болгоход зориулан нийтлэг орцуудыг юугаар орлуулж болохыг харуулсан хүснэгт хийсэн байгаа. Туршиж үзэнгээ цагийг зугаатай өнгөрүүлээрэй тэгээд илүү эрүүл хувилбарт нь дуртай болчихвол битгий гайхаарай!
• Нийт калорийг багасгах, шим тэжээлийг ихэсгэх зорилгоор шөл, халуун ногооны сүмс, хэрчсэн мах, хучмал, туна загас эсвэл тахианы махан салат, улаан лоолийн сүмсэнд хэрчсэн ногоо хийнэ.
• Цөцгийн тос эсвэл сүмс хийдэг жигнэсэн ногоог оронд нь лимон, цагаан цуу, амтлагч ургамлууд, сармис, сонгино мөн бусад амтлагчаар хачирлана.
• Салатаа арай өөрөөр хийхийн тулд жимс нэмээрэй. Шинэхэн жүрж, мандарин, алим, кивиг хийж болно. Илүү их шим тэжээлтэй болгохын тулд гүн ногоон өнгийн навчит ногоонуудыг салатны байцааны оронд хэрэглээрэй.
• Хөлдөөсөн ногоо, жимс зэрэг нь шим тэжээл, шинэхэн чанараа хадгалсан хэвээр байдаг бөгөөд илүү хямд байх нь ч бий. Бас жилийн турш ургадаггүй зарим зүйлийг энэ маягаар хэрэглэх боломжтой. Жишээлбэл навчийг нь хөлдөөсөн бууцай, хэрчсэн ногоо зэргийг шөл, чанасан хоолонд нэмж болно.
• Цөцгийн тос, гурил, крем нэмэхгүйгээр шөлийг өтгөрүүлж болно. Тунгалаг шөлийг бага зэргийн ногооны хамтаар блендэрт хийсний дараагаар хоолондоо буйаан хийнэ. Эсвэл та ногоог тунгалаг шөл, сонгино, сармис, бусад амтлагчтай холин чанаж өөрийн гэсэн “крем”-ийг гаргаж аваарай. Дараагаар нь бүгдийг нь бага зэргийн тослоггүй сүү, зөөлөн тофутай хольж маш амттай өтгөн шөлийг гаргаж авна. Төрөл бүрийн гич, цагаан цууг саладыг өөх, тосгүйгээр амтлахад ашиглаж болно..
• Шөл, чанасан хоол, хучмал зэрэг сайн хөлддөг хоолуудыг ихээр бэлдэж хадгалаарай. Ингэснээр та ядарсан, хоол хийхийг хүсэхгүй байгаа үедээ гадагш гарч хоол захиалж идэх хэрэг гарахгүйгээр эрүүл хүнсийг шууд хөлдөөгчнөөсөө гаргаад л идчихэж болно.