Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр холбогдох албаны хүмүүсийн хамт Замын цагдаагийн уулзварт гүүрэн гарц барихтай холбогдуулан тавьж буй түр замуудын ажлын явц байдалтай танилцлаа. Тэрбээр Нарны замыг Махатма Гандийн гудамжтай холбох 400 м замын ажлын явцтай эхлээд танилцсан юм. Түр замуудаас энэ зам нэлээд их ачааллыг авна хэмээн үзэж байгаа юм байна.
Түр замыг Улаанбаатар зам арчлалтын компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бага зардлаар богино хугацаанд ажлаа биелүүлэхээр зорьж байгааг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ. Түр таван замын ажил үндсэндээ дуусч, явган хүний зам, хамгаалалтын тоноглолыг хийх ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.
Хотын дарга С.Батболд төмөр замын аюулгүй байдалтай холбоотой газарт цагдаа нартай хамтран өдөр, шөнөгүй зохицуулалт хийж хариуцлагатай ажиллаж байгаа төмөр замынханд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлэв. Уг замыг ирэх даваа гараг буюу 4 дүгээр сарын 23-ны өглөөний 05:00 цагт нээхээр болжээ.
УБТЗ-ын Дохиолол, холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны ахлах инженер н.Батнасангийн танилцуулснаар ажлын явц 60 хувьтай, графикийн дагуу замыг хугацаанд нь нээх боломжтой юм байна. Түр замын төмөр замтай огтлолцох хэсэг дээр дохиолол, холбоо, эрчим хүч, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын 100 гаруй ажилтан ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд замын ажилтай танилцах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар бол хөгжиж байгаа хот. Хөгжлийн шатандаа байгаа хотыг юугаар тодорхойлох вэ гэвэл зайлшгүй бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай. Өмнө нь гол дээгүүр, төмөр зам дээгүүр шууд шулуун гүүр тавьж байсан. Нийслэл Улаанбаатар хотод анх удаа томоохон давхар гүүрэн гарц хийж байна. Энэ нь хотын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна.
УИХ-ын дарга чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын замын түгжрэлийг уулзвар өргөтгөснөөр бууруулж чадахгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тиймээс Улаанбаатар хотод зайлшгүй давхар зам, гүүрэн гарцууд хэрэгтэй” гэсэн. Дэлхийн хотуудад уулзварыг дандаа давхар гүүрэн гарцаар шийддэг. Нэг км яваад л дөрвөн замын уулзвар дээр таг гацдаг хот гэж өөр байхгүй. Анхны гүүрэн гарцын ажлыг иргэд маань дэмжиж, тэвчээртэй хандаж байгаад баярлаж байна. Гүүрэн гарцыг анх 2.5 жилд барихаар төлөвлөж байсныг компаниудтай нь ярьж байгаад 1.6 жилд бариулахаар өдөр шөнөгүй ажиллаж байна.
Нийт 8 чиглэлд түр зам нээж байгаагаас хамгийн гол гарц нь төмөр зам дээгүүрх энэ гарц юм. Энэ замын хөдөлгөөнийг баасан, бямба, ням гарагуудад хааж, аюулгүй байдлын шаардлага хангасан гарцаа бий болгож хөдөлгөөнийг хэвийн болгох ёстой.
Туул гол, Дунд голоос өмнөх хэсгээс хотын төв рүү ордог энэ хэсгийг нээхэд хөдөлгөөн хэвийн болно. Иргэд замаа зөв сонгон үйлчлүүлж сурч байгаагаас хөдөлгөөн гайгүй байна.
Үүнээс гадна бид Их тойруу, Бага тойруугийн гадуур гурав дахь их тойрууг байгуулна. Ингэснээр хотын баруун хойд захаас зүүн хойд зах руу явах шаардлагатай машинууд хотын төвөөр дайрах шаардлагагүй болно. Туулын хурдны зам яригдаж байна. Зураг төсөл нь хийгдсэн.
Эхний тусгай замын автобусаа Долоон буудлаас Яармаг чиглэлд явуулахаар ярьж байна. Дараагийн ээлжинд Сансарын тойруугаас хорооллын эцэс хүртэл явуулна.
Иргэддээ хандаж хэлэхэд хөгжиж байгаа хот учраас бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Иймд тодорхой хэмжээгээр харилцан ойлголцож, тэвчээртэй хандаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг сонсож, замаа сонгож үйлчлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн тээврийг сонгох, нэг гэрийн хоёр хүн хоёр машин унаж гарах биш, нэг машин хэрэглэх зэрэг зохицуулалт хийгээсэй гэж хүсч байна” гэлээ