Чихрийн шижин өвчний үед хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгон хэрэглэх вэ

Чихрийн шижин өвчний үед хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгон хэрэглэх талаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эмчилгээний хоол үйлдвэрлэл үйлчилгээний тасгаас гаргасан зөвлөгөөг хүргэж байна.

Чихрийн шижин өвчний үеийн хоолны эмчилгээ нь чихрийн шижинтэй холбоотойгоор хувь хүнийг хооллох зөв дадалд сургах, шим тэжээлийн хувьд тэнцвэртэй, тогтмол хооллох, хэт идэхгүй байхад чиглэдэг. Энэ нь зөвхөн цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаад зогсохгүй урт удаан эрүүл амьдрахад тусалдаг. Та хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхдээ дараах зүйлүүдийг анхаараарай.

ҮР ТАРИАНЫ ТӨРЛИЙГ СОНГОХДОО:

  • Боловсруулж цэвэрлээгүй, бүтэн үр тариагаар хийсэн хүнсийг сонго,
  • Нүүрс ус их агуулсан байдаг тул хооллосны дараа цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. Тиймээс тогтоосон хэмжээгээр зөв хэрэглэх,
  • Төмс, эрдэнэшиш зэрэг нь цардуул агуулсан хүнс тул анхаарах хэрэгтэй,
  • Их хэмжээний самар, шош буурцаг хэрэглэх үед үр тарианы төрлийн хэмжээг багасгаж хэрэглэнэ,
  • Төмсний чипс, шарсан төмс, тостой боов, жигнэмэг зэрэг өөх тосны агууламж ихтэй гурилан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй,
  • Харин тосгүй, хуурсан эрдэнэшиш, жигнэсэн төмс, тос багатай хөөмөл боов хэрэглэвэл зохино.

Түлхүү хэрэглэх хүнс:

  • Бүтэн үрийн гурил
  • Хөц будаа
  • Гурвалжин будаа
  • Арвайн гурил
  • Хивэг
  • Хивэгтэй талх
  • Хошуу будаа /овъёос/

Хязгаартай хэрэглэх хүнс:

  • Цагаан будаа
  • Амтат төмс
  • Бялуу
  • Вафли
  • Жигнэмэг
  • Пүнтүүз
  • Дээд гурил

ЖИМСНИЙ ТӨРЛИЙГ СОНГОХДОО:

  • Жимс бүрийн найрлага дахь нүүрс усны хэмжээ өөр байдаг тул хэт их хэрэглэх хэрэггүй.
  • Хатаасан жимс болон лаазалсан жимс нь нүүрс ус ихээр агуулсан байдаг тул шинэ жимс сонгож хэрэглээрэй.
  • Жимс, жимсгэнийг шинээр нь чанасан жигнэсэн байдлаар чихэр нэмэхгүй хэрэглэнэ.
  • Жимс, жимсгэнийг худалдан авахдаа жижиг хэмжээтэйг сонго.
  • Жимс идэх нь шүүс ууснаас илүү ач холбогдолтой.
  • Жимсний цэвэр шүүсийг нэг удаад бага хэмжээтэй ууна.

Түлхүү хэрэглэх жимс:

  • Шинэ жимс
  • Ногоон алим
  • Банана
  • Мандарин
  • Лийр

Хязгаартай хэрэглэх жимс:

  • Хатаасан жимс
  • Лаазалсан жимс
  • Даршилсан жимс
  • Жимсний чанамал

МАХНЫ ТӨРЛИЙГ СОНГОХДОО:

  • Өөхтэй мах, хиам, бяслаг зэрэг нь ханасан тосны хүчил их, илчлэг өндөртэй байдаг тул хязгаартай хэрэглэнэ.
  • Махыг болгохдоо тос бага шаардагдах аргуудыг хэрэглэнэ. Бага тосонд хуурах, ууранд жигнэх, чанах, шарах шүүгээнд шарах, амталж жигнэх, гриллд шарах гэх мэт.
  • Өндгийг тос багатай аргаар боловсруулах /бага тосонд шарах эсвэл чанах/
  • Загас, тахиа, шувууны махыг хэрэглэж төрлийг нь олшруулах.
  • Аль болох өөх багатай тураг махыг сонгож хэрэглэх.
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн, хиам, зайдасны оронд шинэ загас, тахианы мах хэрэглэх ба тахиа, шувууны махны хальс, өөхлөг хэсгийг идэхээс аль болох татгалзаарай.
  • Буурцагны төрлийн ургамал нь махны төрөлд ордог тул дүфү, шар буурцаг зэргийг өргөн хэрэглэх нь тустай.

Түлхүү хэрэглэх хүнс:

  • Үхрийн цул мах
  • Загасны мах
  • Тахианы хальсгүй чээж мах
  • Адууны мах
  • Дүфү
  • Шош буурцаг
  • Хатаасан борц

Хязгаартай хэрэглэх хүнс:

  • Өөхтэй хонины мах
  • Утсан хиам
  • Лаазалсан мах
  • Гахайн өөхтэй мах
  • Дотор мах

СҮҮНИЙ ТӨРЛИЙН СОНГОХДОО:

  • Кальц ихээр агуулсан тараг, хоормог, бяслаг, ааруул, аарц хэрэглэнэ.
  • Цагаан идээг ухаалаг зөв сонгохгүй бол өөх тосыг /өрөм, хайлмаг, шар тос/ хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Йогурт, чихэртэй ааруул, зайрмаг зэрэг энгийн нүүрс ус агуулсан сүүн бүтээгдэхүүний төрлийг хязгаарлана.

Түлхүү хэрэглэх хүнс:

  • Тослог багатай сүү
  • Тараг
  • Чихэргүй тос багатай ааруул
  • Аарц
  • Ээзгий
  • Ээдэм

Хязгаартай хэрэглэх хүнс:

  • Хайлмаг
  • Өрөм
  • Хольсон тос
  • Цагаан тос
  • Цөцгийн тос

ӨӨХ ТОСНЫ ТӨРЛИЙГ СОНГОХДОО:

  • Илчлэг ихтэй учир биеийн жингээ барих болон хасахын тулд өөх тос ихтэй хоол хүнсийг хязгаарлана.
  • Амьтны гаралтай өөх тос нь ханасан өөх тос ихээр агуулсан байдаг тул хоол бэлтгэхдээ ургамлын гаралтай тос хэрэглэ.

Түлхүү хэрэглэх хүнс:

  • Оливын тос
  • Гүнжидийн тос
  • Шар буурцгийн тос
  • Самрын тос
  • Салат амтлагч тос

Хязгаартай хэрэглэх хүнс:

  • Амьтны цул өөх
  • Өөхөн тос
  • Шар тос
  • Зөөхий
  • Маргарин
  • Майонез

ХҮНСНИЙ НОГООНЫ ТӨРЛИЙГ СОНГОХДОО:

Бусад хүнсний төрөл зүйлийг бодвол илчлэг, нүүрс усны хэмжээ харьцангуй бага тул чөлөөтэй хэрэглэж болно.Хүнсний ногоог ууранд эсвэл бага зэрэг усанд жигнэж хэрэглэх нь зүйтэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …