Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:
“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж мэдэгдлээ.