АТГ-ын дарга ба авлигачдын ээлжит тоглоом

АТГ-ын анхны даргыг Австралид албан томилолтоор явж байхад нь зэрлэгээр хөнөөж, хоёр нүдийг нь ухаж, дотор эрхтнийг нь авчихсан байхад энэ төр засаг юу ч хийгээгүй. Ард түмэн ч дэмий л өвөр зуураа шивэр авир хийснээс биш энэ аймшигт аллагыг эсэргүүцэж, дуу хоолойгоо нэгтгээгүй, жагсаж цуглаагүй.

Тэгээд юм л бол С.Зоригийн хэрэг – улс төрийн аллага гэдэг. Тэрнээс дутахгүй улс төрийн сэдэлтэй аймшигтай аллага байсан гэж би хувьдаа боддог юм. Хамт явсан улс нь ямар хүмүүс байв? Яагаад тэдний нэр усыг ил тод зарласангүй вэ, яагаад тэднийг барьж байцаасангүй вэ? Ийм аюултай албан тушаалд тэнцэх хүн хэн байх вэ? Шударга бөгөөд авлигачдыг гэсгээх хүн лав амь насаараа дэнчин тавих тийм л мээст!

Тэгж чадахгүй, эрх баригчдын утсан хүүхэлдэй бол одоо байгаа дарга шиг үхсэн, амьд нь мэдэгдэхгүй нэг сүг л явна. Тийм ч учраас өдийг хүртэл нэг ч том авлигачийг барьж авч гэсгээсэнгүй! Ийм байхад би лав шударга байж чадах хүмүүсийг нэр дэвшүүлж чадахгүй. Дэвшүүлж гэмээ нь тэд гаргахгүй дээ. Тийм ч хуулийн шаардлага хангахгүй байна, ийм ч ажлын туршлага алга байна гэсгийгээд унагана. 21.1 гээд байгаа шаардлага нь үнэн хөгийн!
45 нас хүрсэн, хуульзүйн мэдлэгтэй байх нь ч яах вэ, байх л ёстой байх. Хамгийн хоржоонтой нь 15 жил төрийн албанд ажилласан байх гэдэг нь. Хэ хэ! 15 жил төрд тасралтгүй ажилласан гэдэг чинь 15 жилийн турш ээлжилж төр барьсан МАНАН-гийн нэг кадр, авлигын системийн нэг эрэг шураг биз дээ!

Ямар шударга, ямар ёсзүйтэй, ямар нэр цэвэр хүн тасралтгүй 15 жил 2 намын халаа сэлгээнд тэсэж үлдэх юм бэ? Юмыг жаахан бодитой харцгаая! Аль юм болгон бид ингэж тэдний өгөөшийг үмхэж, сэтгэлийн хөөрлөөр хийсэх юм бэ? Хэн тэр гал ус руу орж, бидний өмнөөс сайн дураараа алуулах гэж! Та нар бодоод үз! Тийм л болохоор МАН, АН хоёр “ард түмнээс санал асуусан” нэр зүүж, хошгоруулаад, өөрсдийн дуулгавартай утсан хүүхэлдэйг АТГ-ын даргаар тавина. Өнөөх нь гараад эздийнхээ өөдөөс яахин “хуцах” билээ! Харав уу, ерөнхийлөгч санаачилж, ард түмэн та бүхний саналаар энэ хүнийг тавьсан. Ажиллахгүй байгаа бол та нарын сонголтын буруу гэж бухахаа тэд мэднэ.

Ийм л улс төрийн тоглоом зохиож, биднээр тохуурхан даажигнаж байна. Хэнийг гаргахаа ч шийдчихсэн. Чөлөөт Ахмадын Холбоо гэж баахан бужигнуулж, шударга хүний дүрд тоглож байгаад АН-аас 2 өрөө байр авч, амьдралаа дээшлүүлээд, алга болсон Баасан авгай. Гэв гэнэт АТГ-ын Олон нийтийн Зөвлөлийн даргаар тодорсон. Энэ бол санамсаргүй тохиол биш. Урьдчилан төлөвлөсний дагуу явж байгаа эрх баригчдын ээлжит нүүдэл. Нийгэмд бүрэлдсэн, авлигачдыг үзэн ядсан сэтгэхүйг түр намжаах тактик. Өнөөх Баасан нь “АТГ-ын дарга болох нь миний жаргалант амьдралын эх үүсвэр!” гэж эрээ цээргүй ярьж, АТГ-ын даргад нэр дэвших хуулиар заасан шаардлагуудыг би бүрэн хангаж байгаа гэж бахархалтайгаар мэдэгдэв. Ер нь мань хүний царайны өнгийг ажвал тэр аль хэдийнэ сонгогдсон болохыг түвэггүй олж харна. Энэ бүх даажигналыг тэгээд хэн зохион байгуулаад байна гэж үү? Хэн байх вэ дээ! Та бидний танил өнөөх Э шүү дээ!
Эх орондоо нүүргүй болсон тэр бээр одоо “нигүүлсэгч хаан”-ы дүрд орчихсон, дэлхийг засан тохинуулах юм яриад, гадаад улс орноор Монголыг хэрхэн мандуулсан тухай лекц уншин, хааяа казинодсон шиг зугаалж явна. Авлигатай тэмцэе гэж байгаа бол толгой авлигач, хорчинг барьж аваад, шоронд орчихоод баашлаад байгаа бусад хулгайчуудынх нь хамт өчиггүй цаазла! Өөр арга байхгүй! Авлигачдыг эвийлж, бөөцийлж тэдэнтэй тэмцдэг гэж би лав дуулаагүй юм байна! Би ер нь Баттулгыг жинхэнэ ерөнхийлөгч биш гэж боддог. Тэр бээр өмч хувьчлал, 17 чингэлэг спирт гээд маш том нээнтэгтэй учир түүгээрээ “бөлдөгдүүлээд” хөдөлж чадахаа байчихсан, дэмий л “ард түмнээ сонсох” нэртэй танил пянз эргэлдүүлж, улсаа тойрон гороолж явна. Нидэр дээрээ Э ерөнхийлөгч хэвээрээ байгаа юм шиг санагддаг. Хилийн чанадаас Э бүхнийг зохицуулж байна. Баттулгын толгой дээр З, Э гэсэн 2 том дарга тархийг нь барьж байна. З-г та нар тийм их шударга хүн гэж бодож байна уу?!
Төрийн Өмчийн Хороог анхлан байгуулахдаа тэрбээр “Төр хэдий хэр өмчтэйгөө тоолж байна!” гэж бахархалтайгаар мэдэгдэж байв. Угтаа ардчиллаас өмнө бүх өмч, нийгмийн баялаг улсын буюу нийт ард түмний өмч байв. Түүнийг нь манай яруу алдарт ардчилагчид тоолж, хэдий хэрийн хөрөнгө идэж болохоор байгаагаа л тооцоолж байсан гэсэн үг.

Тэгээд ч яг л ёсоороо болж, муу хэлж дуусдаггүй соц нийгмийн үед бүтээн байгуулсан нийгэм нийтийн өмчийг МАН ахтайгаа нам нийлж, сэм хувааж завшсаар дуусгаад, уул ус руугаа уухай хадаан орцгоосон. Уг нь Баттулгыг сонгогдоход, энгийн дээлтэй ёслоход, уул усны тахилгад явахгүй гэхэд хүмүүс одоо л нэг юм өөр болох нь, цаг эргэлээ гэж харж байсан. Тэр бээр Өмнөд Солонгосын Пак Чон Хи-г шүтдэг, түүн шиг улс орноо хатуу чанга гараар хөгжүүлнэ гэсэн бодолтой байсан байх. Болохоо байчихсан системийн эрэг шураг болж, харийнхны захиалгат хуулиудын буулганд тэлчлэх биш, Зэвсэгт Хүчний ерөнхий командлагчийн хувьд төрийн эрхийг авмагц онц байдал зарлаж, бүх намуудыг тарааж, авлигачдыг толгой дараалан хүний, өөрийнгүй баривчлан гэсгээн цээрлүүлж, худал, хулгайг зогсоож, бүхнийг байр байранд нь тавих болов уу гэж ард олон битүүхэн горьдож байлаа.

Тэрхүү горьдлого, нийгмийн далд хүслийг 65-ын бүлэг мэдэрсэн ч байх, бушуухан шиг түүний ерөнхий командлагчийн эрх мэдлийг буулгаж, УИХ-ын мэдэлд яаран сандран шилжүүлэв. Ингээд ганц горьдлого маань шүдгүй арслан болж хувирав. Одоо тэгээд энэ их барилаа, өвдлөө, тавилаа шоу, худал хулгай, авлиага, дээрмийг хэн гэгч “тэнгэрийн ташуур” гарч ирж эцэслэхийг ёстой Тэнгэр гуай л мэдэх байх даа! Итгэл алдарч байна!

Үнэндээ энэ бүхнээс залхаж байна!

Эх сурвалж: Л.Мөнхтөр

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …