Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болсонтой холбогдуулан Замын цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Замын цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийх дөрвөн удаагийн эрх байгаа. Бусад тохиолдолд зохицуулалт хийх үүрэг байхгүй.
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс хойш Улаанбаатар хотын зарим уулзварууд цагдаагийн зохицуулалтгүй болно. Үүнд Баянгол дүүргийн Өргөө кино театр, Ахуй үйлчилгээний төв, гэмтлийн баруун урд уулзвар зэрэг багтана.
Улаанбаатар хотод 300 гаруй уулзварууд бий. Үүний 60-70 хувьд нь цагдаа бие зохицуулалт хийж байна. Дэлхийн бусад орнуудад цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй. Сахилгагүй жолоочийн хариуцлагагүй үйлдлээс гарсан түгжрэлийг цагдаа зохицуулах шаардлагагүй.
Хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ сайтар мөрдөх нь чухал. Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо сахилга баттай байгаасай гэж уриалмаар байна” гэж мэдэгдлээ.