Хууч өвчтэй хүнийг төрд ажиллуулахаас татгалзья

“Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг дөрвөн ч удаа барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан байхад манай төрийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн томчууд үүнийг мэдээгүй байна гэж юу байх вэ. Магадгүй энэ асуудлаас болж тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр цагдан хоригдсон байж мэднэ. Гэхдээ дан С.Баярыг шалгах нь учир дутагдалтай. Төрийн өмчийн хорооны дарга, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал гээд асуудал үүсгэж шалгах учиртай хүмүүс олон бий.

Гэвч манайд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд цагдан хоригдохоороо хууч өвчин нь сэдэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсээр байгаад хоригдох хугацаагаа дуусгадаг сонин жишиг тогтчихоод байна. Ардын хүүхдүүд алдсан бол адилхан шийтгэл хүлээдэг байх ёстой. Гэвч албан тушаал хашч байсан эрхмүүд эмнэлэгт асруулж байгаад суллагдах нь дургүй хүрмээр. Сүүлдээ төрийн өндөр албан тушаалд томилохдоо эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамруулж, урдын хууч өвчин байгаа эсэхийг нь сайтар шалгаж байж томилдог байх хуулийн төсөл санаачлах ёстой ч юм уу гэж бодогдох шиг.

Хийсэн үйлдэлдээ хүн шиг хариуцлага хүлээгээд Ард Аюуш шиг есөн эрүү даваад гарч ирэх шийртэй эр манай төрд лав алга гэж бодогдох боллоо. Тэгэхээр яах вэ, Нэгэнтээ бие муу, сул дорой юм бол элдэв хэрэг төвөгт битгий орооцолд л доо. Ард бид та нөхдөөс татвараа ямар харамласан биш. Түүгээрээ цалинжаад, төр хангамж эдэлж, сайд нарын эмнэлэгт тордуулаад явж л бай л даа. Элдэв юманд шунаж, эрээн доллараар хөлөө хучиж яваад дараа нь буруудаж, хариуцлага тооцох гэхээр энэ дэлхий дээр яажшуухан амьдарч байсан юм бэ дээ гэмээр өрөвдөлтэй амьтад болчих юм.

Зангарагтай идсэн шигээ зангарагтай хариуцлага хүлээгээд явчихдаг л баймаар байна. Чаддаггүй юм бол идэж уухаа ч бас хязгаарлаж сурья. Олон толгойд шунаж суугаа эрхэм түшээдэд энэхүү анхааруулгыг хүргэж байна шүү. Эхнээсээ хууч өвчин нь сэдэрч, шүүхийн хаалга татахаасаа өмнө нөгөө ертөнц рүү явчих гээд байна ах нар чинь.

Шар хүү

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …