Шведийн алдарт АББА хамтлаг шинэхэн уран бүтээлүүд гаргахаар эргэн нэгдсэн тухай албан ёсны инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэд мэдэгдэлдээ “Манай хамтлагийн гишүүд 35 жилийн дараа бичлэгийн студийг дахин зорих болсондоо сэтгэл их хөдөлж байна. Яг л цаг хугацаа зогссон мэт, богино хугацааны амралтаас буцаж ирсэн мэт сэтгэгдэл төрж байна. Бид хөгширсөн байж болох ч шинэ дуу маань залуугаараа байна. Агнета, Бэнни, Бьёрн, Анни-Фрид” хэмээн бичжээ. АББА хамтлаг хоёр шинэ дуу гаргахаар ажиллаж байгаа аж.
Эхний дуу болох “I Still Have Faith In You” нь энэ оны арванхоёрдугаар сард NBC болон BBC агентлагийн зохион байгуулах тусгай хөтөлбөрөөр сонсогчдод нь хүрэхээр товлогджээ.