Л. Мөнхбаясгалан: Эрчүүд минь эх орон чинь эгэл жирийн аав хүнээр дутаж байна

Найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтран найруулсан, бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” уран сайхны кино энэ сарын 3-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ, гол дүрд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин Г.Маргад-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг болон бусад дүрүүдэд жүжигчин Э.Тодгэрэл, Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар тогложээ.

“Яллагч” уран сайхны кино нь найруулагч Г.Эрдэнэбилэгийн бие даасан гурав дахь бүтээл юм. Тэрээр “Академи Авардс 2015”-ийн “Шилдгийн шилдэг уран бүтээл”-ээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулж байсан.

Тэгвэл тус киног үзсэн сэтгэгдлээ сэтгүүлч Л. Мөнхбаясгалан цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр”ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ЯЛЛАГЧ сүүлдээ ЯЛАГЧ болж хувирна.

Жүжигчин Г.Эрдэнэбилэг Б.Баяр нар найруулж С.Болд-Эрдэнэ тоглосон ЯЛЛАГЧ кино анхнаасаа бүр постер нь хэвлэгдсэн цагаасаа л анхаарал татсан. Нэр нь хатуу, аймаар ч юм шиг. Жихүүдэс төрөм. Үзэхээс халгамаар . Гэхдээ л Г.Эрдэнэбилэг найруулж өөрөө голд дүрд нь С.Болд-Эрдэнэтэй хамт тоглосон л бол энэ зайлшгүй үзэх ёстой киноны нэг гарцаагүй. Учир нь Г.Эрдэнэбилэгийн өмнө найруулж байсан “ААВ”, “Үргээлэг-2” кинонууд бол Монголын найруулагчдыг гайхшруулж түүнийг шууд хүлээн зөвшөөрүүлсэн явдал болсон юм. “Аав”, “Үргээлэг-2” кинотой утга санаа хийгээд уран сайхны шийдэл, бодит үнэн, нийгэмд нөлөө, дүр сонголт хамгийн гол нь найруулагчийн шийдэлтэй нь хэн маргана. Тэгээд өөрөө ямархан жүжигчин билээ дээ.

С.Болд-Эрдэнэ тэр хоёр хоршино гэдэг бол драмын театрын хоёр гол дүр дэлгэцэнд тулна аа л гэсэн үг. Энэ бол үзүүштэй тулаан. За ингээд киног үзлээ. ЯЛЛАГЧ……ЯЛЛАГЧ… Яагаад ийм нэр өгсөн нь зүрх тэмтэрнэ. Монгол айл бүхэнд байдаг Солонгос явж хараар ажилласан жирийн нэг залуу үнэнийг хайна. Тэр үнэнийг олохгүй.

Гэхдээ тэр бүгдийг өөрийнхөө чин сэтгэлээр яллаж байна. Гэр бүлээ хайрласан тэднийхээ төлөө амьдарсан амьдралын эгэл үнэнийг гүйцэх үнэн энэ хорвоод байдаг гэж үү. Үнэн түүний талд байна.

“ҮНЭН ХЭЗЭЭ Ч ЯЛДАГГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ЯЛАЛТ ҮНЭНИЙ ТАЛД МӨНХӨД ЗОГСОЖ БАЙДАГ.

ХАРИН ЭНЭ ЯЛАЛТЫГ ОЛЖ ХАРАХ ЧАДВАР ХЭН БҮХЭНД ЗАЯАДАГГҮЙ” гэж би нэгэн цагт фэйсбүүктээ бичиж байсан минь санагдав. Тиймээ, үнэн хэний талд байна тэр худал хуурмагийг ЯЛЛАЖ байна. Бас тэгээд ялагдсан ч ЯЛАГЧ болж байна. Энэ киноноос би олон зүйлийг ухаарч бас ичив. Мэргэжил нэгтнүүдээсээ, төр засгаасаа, шүүх прокуроруудаас эцэст нь жинхэнэ үнэнээс ичив. Дотор давчдав.Хэцүү байв. Кино дуусаад танхимд гэрэл асахад бид бие биенийхээ нүүрийг хээв нэг харж чадна гэж үү. Эрүүл саруул залуусаа Солонгос руу экспортолсоор байгаа төр засгийнхан энэ киног үзээсэй. Бас эхнэр хүүхдээ орхиод харьд амьдралын эрхээр ажиллаж байгаа хайран сайхан залуус минь үзээсэй. Эр нөхөр нь эзгүй гэрт эхнэр охид чинь элэг бариулах вий. Эр цэрэг нь үгүй бол эх орон нь чинь худалдагдах вий. Зангиа зүүж баялаг бүтээгч, татвар төлөгч гэсэн сайхан нэрэн дор нуугдаж буй балмад этгээдүүд таны аз жаргалыг булаах вий. Бодмоор. Бодоод мухардав.

Зүгээр л гэр бүлээрээ элэг бүтэн аз жаргалтай амьдармаар. Сэтгүүлчдийн үнэн нүүр царайг харуулсан энэ кино намайг золтой л зүрхний шигдээсээр явуулчихсангүй. Ууж байсан усны саваа дэлгэц рүү шидчихээ шахав. Ичсэн хүн хүн ална гэж энэ. Салбарынхаа өмнөөс өчигдөр би ганцаараа тэнд ЯЛЛУУЛАВ. Сэтгүүл зүй үнэн байгаасай гэж хичээж мэрийж яваа ч худал хуурмагт баригдсан олонхынхоо өмнөөс цор ганцаар зүрхээ дарсаар гарав. ЯЛЛАГЧ ….худал хуурмагт автсан нийгмээ жирийн нэгэн чин үнэнээр ЯЛЛАЖЭЭ.

Тэгээд ЯЛАГЧ БОЛЖЭЭ.. Зүгээр л үз. Үнэн гэж юу байдгийг мэдэр. Гэр бүлээ хайрла. Аав нар минь, ах нар минь, дүү нар минь, эрчүүд минь эх орондоо эргэж ирээч. Эзэнгүй гэр, эргүй эм, эцэггүй охид …. элэг бариулж ханалаа. ЭРЧҮҮД МИНЬ ТА НАР ХААНА БАЙНА. Эхнэр хүүхэд чинь, эх орон чинь та нараар дутаж байна. Эгэл жирийн аав хүнээр дутаж байна. Та нар минь ирж, та нар минь үнэн байж ЯЛЛАГДАЖ яваа нийгмээ ЯЛАГЧ болгож хувиргаач. Г. Эрдэнэбилэг танд баярлалаа. Таны сонгосон сэдэв, таны зүрхний шаналан Монголын нийгэмд хамгаас тод бас чангаар хатуу бөгөөд үнэнийг хэлж чадлаа… баярлалаа. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан” хэмээн бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …