У.Хүрэлсүх: Мод тарина гэдэг бол маш их буянтай ажил

“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийн төр захиргааны байгууллагынхан, хувийн хэвшлийнхэн, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, иргэд мод тарих өдөрлөгт хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хот ногоон хот болох зорилт дэшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд хотын зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаас гадна бүх дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байгаа. Модоо зөвхөн тарихаас гадна түүнийгээ арчлах, ургуулах ёстой. Улаанбаатар хотоо ногоон хот болгоход хүн бүрийн оролцоо чухал юм. Тийм учраас зөвхөн ганц өдөр бус хавар намрын тариалалтад бүгд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцлов.

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мод тарина гэдэг бол маш их буянтай ажил. Үр хойчдоо өв үлдээж байна гэж ойлгож болно. Хүн бүр байгал дэлхийгээ хайрлаж, хамгаалж үр хүүхэдлээ ногоон дэлхийгээ байгаа чигээр нь өвлүүлэн үлдээх учиртай юм. Бид мод тарьж байгаа нь өөрсдөдөө болон үр хүүхэддээ үлдээж буй хамгийн том бэлэг юм. Сүүлийн жилүүдэд мод тарих хөдөлгөөн өрнүүлж, сургууль, хамт олон, албан байгууллагаараа оролцож байгаад баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье” хэмээлээ.

Мөн Монгол Улсын их хурлын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, С1 телевиз,  Дулааны III цахилгаан станц ТӨХК, “Орчлон”  дунд сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль, “Моннис” групп,   Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банк,  Олон улсын энэрлийн байгууллага хамт олон оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд  бодит хувь нэмэр орууллаа. Мөн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж  оролцов.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах. Үүний тулд бид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн  мод тарьж байна”  хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …