Дуучин М.Золжаргалтай ярилцлаа.
-Таныг “Наран мандах нутаг”киноны дууг дуулснаар тань мэдэх юм?
-“Наран мандах нутаг” кино нь 40 ангитай, хоёр дуутай их сайхан бүтээл л дээ. Би “Сэтгэлийн эгшиг” дууг нь дуулсан юм.
-Наран мандах зүгийн нутгийн хүн болохоор л тэр киноны дууг дуулжээ гэж таамаглаж байна шүү?
-Би Дорнодод төрж өссөн. Миний аав, ээж Сүхбаатарын Дарьганга, Баяндэлгэрийн хүмүүс байдаг юм. Тэгэхээр би яалт ч үгүй зүүн зүг, наран ургах зүгийн хүн болчихож байгаа юм.
-Таныг анх урлагт бүжигчнээр хөл тавьж байсан гэж дууллаа?
-Дорнодод Хөгжим бүжгийн коллеж шиг Гоц авьяастны 12 дугаар сургууль гэж бий. Тэр сургуулийн бүжгийн ангид тавдугаар ангиасаа сурсан. Дорнодын театр бүжигчин цөөтэй болохоор манай сургуулиас дагалдан бүжигчин авна. Би 14 настайдаа сургуульд сурахын хажуугаар тус театрт дагалдан бүжигчнээр орж байлаа. Театр маань тодорхой хугацааны дараа дагалдан бүжигчдээсээ шалгалт авч тэнцсэн хүмүүсийг нь жинхэлдэг байсан. Би яг л тэр зарчмаар явж шалгалтад нь тэнцэж мэргэжлийн бүжигчнээр ажиллах болсон. Удалгүй театр маань жүжигчдээ бэлдэнэ гээд зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйг 1998 онд “Мюзик Холл” дээд сургуульд оюутан болгосон юм. Тус сургуульд амжилттай суралцаад жүжигчин мэргэжил эзэмшсэн. Дараа нь гавьяат жүжигчин Б.Дашдондог багшийн “Nature sound” төвд дуулаачаар сурсан. Ингээд “Мөнгөн харандаа” хамтлагт залуу дуучнаар дуулах болсон л доо. Харин одоо хувиараа дуучны мэргэжлээрээ ажиллаж байна.
–“Мөнгөн харандаа” хамтлаг бол манай эстрад урлагийн түүхийг бичилцсэн, үе үеийн шилдэг дуучдыг төрүүлсэн хамт олон юм?
-“Мөнгөн харандаа-1”, “Мөнгөн харандаа-2” гэж бий. Ахмад дуучид маань “Мөнгөн харандаа-1”-дээ хамаарагддаг. “Мөнгөн харандаа” хамтлагийн ахлагч Л.Энхбаяр ахтайгаа энд тэнд янз бүрийн арга хэмжээ, тоглолт дээр таарна. Тэгэхэд Л.Энхбаяр ах маань намайг уг хамтлагт орж дуулахыг санал болгодог байсан юм. Манай хамтлаг чинь эрчүүд ихтэй. Эмэгтэй дуучин хэрэгтэй байгаа юм гэсэн л дээ.
Ингээд тус хамтлагийнхантай хамтарч ажиллах болж олон сайхан бүтээл дээр гар нийлсэн. Би энэ хамтлагаас маш их зүйлийг сурсан. Амьд хөгжимтэй дуулаад эхэлсэн чинь ер нь тууштай дуулъя гэсэн бодол төрсөн л дөө. Би одоогоор чөлөөт уран бүтээлч гэгдэж байгаа ч “Мөнгөн харандаа” хамтлагтайгаа нэгдээд 1970, 1980-аад оны эстрад дууны концерт, үдэшлэгт оролцоно. Жакитай нийлээд бид “Sanremo” шоугаа хийгээд явдаг.
-Танай удамд дуулдаг, бүжиглэдэг урлагийн авьяастнууд бий л байх?
-Аав, ээжийн талынхан аль аль нь уртын дуу дуулцгаана. Түүнээс биш урлагт зорьж дуучин, жүжигчнээр ажиллаж байгаа хүн өөр байхгүй л дээ. 12 дугаар сургуульд орсноосоо хойш л урлагт дуртай болчихсон. Нэг хэсэг гадагшаа, дотогшоо явж өөр зүйл хийсэн ч урлагаасаа салж, холдож чадахгүй байсан юм. Ялангуяа бүжгээ их үгүйлэх янзтай, бүхнийг бүжигтэйгээ холбодог байлаа. Өнөө зун цомгийнхоо ажилд шамдана. Дуу бүжиг хосолсон сайхан бүтээлүүдийг хийнэ гэж төлөвлөчихөөд байна. Одооноос л М.Золжаргал гэдэг дуучин уран бүтээлээ нийтэд хүргэж эхэлж байна. Миний ард баг ажиллаж байгаа. Миний эхний төсөл “Хайрын хурим” дуу байсан.
-Дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтарч дуулсан “Хайрын хурим” дууны клип олны анхаарал татсан. Уг клипэнд та Т.Дэлгэрмөрөнтэй хуримаа хийж байгаагаар тоглосныг хүмүүс жинхэнэ мэт хүлээж авч таныг түүний гэргий гэж ойлгосон?
-Харин тэгж ташаа ойлгосон байна билээ. Би хуримын сэдэвтэй сайхан дуутай болъё гээд хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Д.Ган-Очир ахдаа захиалсан юм.
…Хайраас ургасан амьдрал билээ, бидэн хоёр
Хагацаж салшгүй утга учир болжээ, бидэн хоёр
Ураг барилдахын заяатай билээ, бидэн хоёр
Уужим хорвоод хослохын хүслэн билээ, бидэн хоёр гэдэг гоё үгтэй.
Хуримын дууг ганцаараа дуулах зохимжгүй санагдаад хэнтэй хамтарч дуулах вэ гэж бодсон л доо. Хөгжмийн зохиолчтойгоо ч удаан ярилцсаны эцэст дуучин Т.Дэлгэрмөрөнтэй дуулъя гэж шийдсэн. Ингээд уг дууг хамтарч дуулж клипээ хийсэн чинь Т.Дэлгэрмөрөн ахыг хоёр дахь амьдралаа зохиожээ, хуримаа хийжээ гэж нэг хэсэг шуугьсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу