Манай улсад 1990 оноос хойш биеэ үнэлэлт гэдэг зүйл цэцэглэн хөгжиж энэхүү үйл ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам улам нарийн аргатай болж ирсэн. “Муу юм модон улаатай” гэгчээр одоо бүр хүүхнүүдийг зарж зуучилдаг эзэн гэх хүмүүс нь тэдний үйл ажиллагааг улам дэмжин залуухан охид бүсгүйчүүдийн тархийг угааж буруу замруу татан оруулсаар байна.
Хамгийн харамсалтай нь бие үнэлэгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид байгаа нь үнэхээр эмгэнэлтэй байна. Тэдний биеэ үнэлж байгаа нь мэдээж хялбар аргаар мөнгө олох гэсэн арга. Хамгийн гол нь тэд яагаад ийм аргаар мөнгө олохыг илүүд үзэв?
Нийслэлийн хэмжээнд янхануудын төвлөрдөг бас нэг газар бол 1-р хорооллийн Саппорогийн өмнөх талбай юм. Өнгөрсөн шөнө Цагдаагийн Ерөнхий газраас СХД-ийн гэмт хэрэг их гардаг газруудад шөнийн шалгалт хийсэн байна. Тус шалгалтанд СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран оролцжээ. Шалгалтаар тус дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро” үйлчилгээний төв орчмоос 170 биеэ үнэлэгчийг илрүүлж, баривчилжээ. Нэг шөнийн дотор 170 биеэ үнэлэгч гэдэг манай нийгэм ямархуу түвшинд очоод байгаа харуулж буй мэт. Тэднээс юуны учир ийм замаар амьдрах болсон бэ? гэхэд охид “ядуу амьдрал, шударга бус нийгэмдээ ингэж л бид зохицон амьдарч байна” гэж хэлцгээж байна. Мэдээж архидалт, янхандалт, мансуурал энэ бүгд бол нийгмийн гутрал, бухимдалаас болж дэлгэрсэн зүйл.
Ядуу нийгэмд ажиллаад ажиллаад хонгийнхоо хоолноос хэтрэхгүй, хөлс хүчээ мөлжүүлэн ажиллаж байгаа ард түмэнд харин нэг л байрандаа байна. Гэтэл юмны өсөөд л байдаг ард түмний цалин тэтгэвэр хэвэндээ гэтэл хахаж цацатлаа баяжсан эрхмүүд хуулийг зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн баталсаар л. Дураа хүрэхээр бинзенийхээ үнийг өсгөөд л, хэдхэн мөнгөтэй эрхмүүд монголын ард түмнийг атгачихсан бөгөөд хүсвэл юалютийнхаа үнийг хөөрөгдөөд л ард түмнийг хөлс хүчээ урсгаж олсон борийг хамчихна. Мөнгөтэй хүн хойно доо юань, долларыг хямд байхад нь дарчихаад махны үнийг хөөрөгддөг шиг л нэг өдөр л хөөрөгдөөд хэдэн цаасыг нь шулчих юм даа. Хатуухандаа өөрсдөө үнийг өсгөөд ард түмнийг хүссэнээрээ хянаж идэх талхны ширхэгийг хязгаарлаж байдаг.
Баривчлагдаад буй биеэ үнэлэгчдийг 50 хүртэлх хоногоор хорих бөгөөд одоогоор харьяаллыг нь тогтоох, бүртгэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна. Тэдэнд хуулиар хүлээлгэх ял шийтгэлийн тусгай зүйл анги байдаггүй учир 50 хонгийн дараа торгосон болгоод л явуулна. Хэсэг хугацааны дараа эдгээр хүмүүс ахиад л биеэ үнэлэх нь гарцаагүй юм. Төр засгаас энэхүү байдлыг цэгцлэсэн хууль тогтоомж гаргахыг цагдаагийн байгууллагынхан уламжилдаг ч төрөөс өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 13 жилийг ардаа орхиж биеэ үнэлэлтийг цэцэглүүлжээ.
Хууль хатуу байсан бол нийгэмд ийм замбараагүй байдал газар авахгүй байх байсан нь мэдээж юм. Дэлхийд газар нутгийн хэмжээгээр 17 ордог, хүн амын тоо нь гурван сая ч хүрэхгүй, дээрээс нь асар их газрын баялагтай мөртлөө яагаад монгол улсын эдийн засаг ийм дорой, эмс охид нь арчаагүй байна вэ?.
Ард түмэн нь ингэтлээ доройтож байхад дээдсүүд нь дээрээ бие биенээ хэмлэж, эх нутгийнхаа хэсгийг гайгүйхэн үнээр гадныхан худалдаж, өөрөө өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж баталж суух юм.
Төрийн эрхэнд гарсан нь өмнөх засгийн газрын алдаатай үйл ажиллагаа гэж буруугаа чихээд өөрсдөө өндөг шиг өөгүй мэт ярьж суудаг нь энэ улс төрийнхөн үнэн. Өнөөдөр хуулиндаа хэрэгтэй хэрэггүй заалт оруулах гэж ядаж суухийн оронд яагаад биеэ үнэлээд байгаа эдгээр хүмүүсийг цэгцэлчих хуулийн төслийг боловсруулж болохгүй гэж. Яагаад гэвэл эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулийг л энэ хамгийн зөв шийдэл гэж хэлээд баталдаг болохоор тэр юм.
Чин үнэндээ нийгмийн доройтол ялзралын үндэс суурь болсон энэ олон баар, зочид буудал шөнийн цэнгээний газрууд, архины үйлдвэрүүд хэнийх юм бэ? Мэдээж энэ өнөө томчуудынх, ард нь тэд л байдаг. Тэд энэ бүх үйл ажиллагааг дэлгэрүүлэгч бөгөөд үл үзэгдэгч гар гэдэг шиг цаана нь зохицуулж байдаг зохицуулагчид нь юм.
“Толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийж” явж ирсэн төрийн дээдсүүд идэж уухдаа нэгнээсээ дутаагүй нь мэдээж гэсэн атлаа зарим нэгнээ улс төрөөс арчин хаях болохоороо хамаг булхайг нь илчилж зайлуулж байх юм. Тэд ингэж нэгнийхээ мууг үзэж хоорондоо өшөө авалт хийж бах таваа хангахдаа ард түмнийг шатрийн хүү болгож ашигладаг.
О.Рана