Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай. Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.
Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.
Хэдээс хэдэн цагт Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ?
Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш 20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг. Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.
Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно.
Сүүдэрт суух юм бол гадаа гарах хэрэггүй
Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр.
Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа
Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Автомашины зогсоолоос хол яв
Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.
Тамхичин ээж, аавуудаас зугтаарай
Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?