Чиний ялагдлын 10 шалтгаан

Америкийн алдартай блоггер, ном зохиогч, нийтлэлч Марк Мансоны зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Амьдралдаа хийж бүтээе гэж боддог байсан боловч амжуулж чадаагүй тэр л зүйлсийг эргэн нэг бодоод үз. Тэр дундаа сэтгэлийн тань гүнд оршин буй тэр л онцгой зүйлийг. Магадгүй та завгүй, хойрго байдлаасаа болоод ч юм уу аль эсвэл оролдож үзээд ч бүтэлгүйтсэн байж болох юм. Амьдралынхаа хамгийн том бүтэлгүйтэл, ялагдлын тухай бод. Магадгүй та яг одоо ч тэр том бүтэлгүйтэл дундаа явж байхыг үгүйсгэхгүй.

Бид бусдад дэлгээд байхыг хүсдэггүй ч хүн бүрт нэг том бүтэлгүйтэн балрах тохиолдол заавал байдаг. Энэ бол бодит зүйл. Мэдээж бидний зарим нэг нь бусдаасаа арай илүү дасан зохицох чадвартай байдаг боловч дийлэнх маань ингэх л байсан юм, тэгэх л байсан юм даа гэж гомдоллосоор насыг бардаг.

Энэ олон жилийн хугацаанд мянга мянган асуудлуудаа даван гарахад нь хүмүүст тусладаг ажил эрхэлдэг байлаа.

Хүн бүрт хайр дурлал, эд хөрөнгө, нэр алдар, эрх мэдлийн гээд л тоо тоймгүй олон айдас, асуудлууд байдаг. Гэхдээ хамгийн том асуудал бол хайр дурлал, мөнгө, нэр алдар, эрх мэдэл, өөртөө итгэх байдалд бус өөр зүйлд байдаг. Хэн нэгнийг болзоонд урих, бизнес эхлүүлэх, айсан ч гэсэн ямар нэг зүйлийг зүгээр л үзээд алдах нь амархан шүү дээ. Орхигдож хаягдсантайгаа эвлэрэх, их мөнгө үрэх, аль эсвэл бусад хүмүүс чамайг юу гэж бодож байгаа бол гэж байнга бодох нь өчүүхэн зүйлс.

Амьдралын нэг хэсгийн асуудал нөгөө хэсэгт халдварлах магадлал өндөртэй. Амьдралд саад болдог зарим нэг ааш, зан чанар болон бодлууд нь зөвхөн нэг л зүйлийг бус бүгдийг дагаж байдаг. Хэн нэгнийг болзоонд урьж чадалгүй чимээгүй өнгөрөх нь өөр хот руу нүүх, шинэ ажилд орох, дээрэлхүү ажлын хамт олныхоо өмнө хулчийх, гэр бүлийнхэнтэйгээ хүлцэнгүй, түрэмгий харилцаатай байх бүх зүйлсийн үндэс байж мэдэх юм.

Амьдралд хамгийн том боломж гарч ирэхэд, бидний ихэнх нь зүгээр л орондоо шээдэг. Эцэст нь бид өөрсдийн мөрөөдөлдөө хүрэхийн төлөөх дарамт болон зовиураасаа зугтаах олон арван аргуудыг бодож олдог. Эдгээр аргуудаас 10-ыг доор бичлээ. Амарханаас нь эхлээд гүнзгийрнэ. Уншаад уйлах вий дээ.

1. ЧИ БУСДААС ТОДОРЧ ЯЛГАРАХААСАА АЙДАГ УЧИР ЯЛАГДДАГ

“Хаанахын ч нийгэм гишүүн бүрийнхээ өөртөө итгэлтэй байдлын эсрэг хуйвалддаг” гэж Эмерсон бичжээ. Хэн нэгэн хүн чамайг эвгүй тав тухгүй байдалд оруулах юмуу, аливаа юмыг өөрөөр хийж үзэх гэхэд дургүй байдаг.

Бид өөрсдийгөө шахан дайчилж, өөрийн хамгийн дээд боломж бололцоо, чадал чансаандаа хүрэх тэр мөчид тойрон буй хүмүүсийн эмзэг сэдвийг хөндөж, аюул занал учруулж буй мэт санагддаг. Тэдний хөсөр хаягдсан мөрөөдөл болон бүтэлгүйтлүүдийг сануулдаг учир тэр.

Ихэнх тохиолдолд энэ хүмүүс чам руу довтолдог, шүүмжилдэг. Яагаад гэвэл энэ байдал нь тэдэнд өөрсдөөсөө хүндхэн асуулт асуухад хүргэж, цаашлаад учрыг нь олоход бэрх байдалд хүргэдэг учир…

Өчигдөр орой би интернэтийн бизнес эрхлэгч нэгэн найзтайгаа ярьсан юм. Тэр олон онлайн бизнес эхлүүлсэн ч зарим нь бүтэлгүйтэж зарим нь мөнгө хийсэн. Ерөнхийдөө энэ бол түүний хувьд тэр чигээрээ тэмцэл байсан. Тэр дэлхийг тойрч аялж байгаад л баярын өдрүүдээр л гэртээ ирдэг. Аав нь түүнд үргэлж аливаад “бодитоор” ханд “тогтмол энгийн” ажилтай бол гэж үргэлж зөвлөж заадаг байж.

Амьдралын энгийн факт: Хэрвээ чи амьдралдаа ер бусын зүйл хийхийг хүсдэг бол, бусдаас тодорч гармаар байгаа бол, чи бусдаас өөр байхад дасан зохицох хэрэгтэй.
Хүмүүс чамайг өвчтэй, галзуу, амиа бодсон, их зантай, биеэ тоосон, хариуцлагагүй, тэнэг, хүндлэлгүй, зэвүүн, бүдүүн, өөртөө итгэлгүй, царай муутай, хогийн гэх мэтээр бодох болно. Хамгийн ойр дотны хүмүүс чинь хамгийн харгис байх нь элбэг. Хэрвээ чи сул дорой, өөрийнхөө санаа бодол, хүсэл зорилгод итгэлтэй биш байвал, чи нэг их хол явахгүй.

2. ЧИ ХАНГАЛТТАЙ ЦӨХРӨЛТГҮЙ ЗҮТГЭГЧ БИШ УЧИР ЯЛАГДДАГ

2009 онд дебют зохиолч Karl Marlantes “Matterhorn” нэртэй Вьетнамын дайны тухай романаа хэвлүүлжээ. Ном маш их нэр алдарт хүрсэн. New York Times: “Дайны тухай боловч маш гүн гүнзгий, төгс төгөлдөр, сэтгэл хөдөлгөсөн роман” хэмээн дүгнэжээ. “Black Hawk Down” бестсэллэр номын зохиолч Mark Bowden “Вьетнамын дайны тухай бичигдсэн хамгийн сайн ном” гэж зарлав.

Marlantes энэхүү бүтээлээ хэвлэх гэж 35 жилийг зарцуулсан бөгөөд энэ нь түүний амьдралын талаас илүү хувь гэсэн үг. Тэрээр эх бичвэрээ зургаан өөр цаг үеийг дамжин бичсэн байна. Эхний 20 жилд хэвлэх газрууд хэвлэхээс татгалзах нь байтугай тоож уншсан ч үгүй.

Бидний ихэнх нь өөрсдийн хүсэл мөрөөдлөө дэндүү хурдан орхидог. Цөхрөшгүй оролдлого, шаргуу зан, зүтгэл тэмцлийн түүхгүй амжилтад хүрсэн хүн гэж нэг ч байхгүй.

Үнэ цэнэтэй зүйл хэзээ ч амархан олддоггүй гэсэн үг байдаг даа…

3. ЧАМД ДАРУУ ЗАН ДУТАГДАЖ БАЙГАА УЧИР ЧИ БҮТЭЛГҮЙТДЭГ

Ихэнх хүмүүс жаахан зүйл хийж бүтээгээд ирэхлээрээ өөрсдийгөө эксперт гэж боддог. Даруу байна гэдэг нь өөрийнхөө юу мэддэггүйг мэддэг байхыг хэлж байгаа.

Хэдэн жилийн өмнөөс би онлайн маркетинг, интернэт бизнесийн ертөнцөд уулзаж байсан бизнесменүүдээс нэгэн хэв маяг, хандлагыг мэдэрсэн.

Том амтай байнга өөрийгөө магтаж ярьдаг хүмүүс ихэнхдээ өөрсдийнхөө амжилтыг дэгсдүүлж ярьдаг бөгөөд эргэн тойрныхоо эрчим хүчийг байнга сорж анхаарлын төвд орох гэж яддаг.

Зарим тохиолдолд тэд ээж, аавтайгаа ч амьдарч байх нь түгээмэл. Тэгсэн атлаа тэд өөрийг нь сонсох хэнд ч болов өөрийн ухаалаг эрдэм мэдлэгээ ярихад ямагт бэлэн байдалд байдаг.

Хууль ёсны, үнэн зөв замаар, өөрсдөө саятан болсон, жинхэнэ утгаараа өөрийн салбарт оргилд нь хүрсэн хүмүүс мэдэхгүй хариултуудыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд өөрсдийнхөө амжилтыг багасгаж ярьдаг (заримдаа энэ талаар дурсдаг ч үгүй). Үүний оронд, тэд өөрсдийн сул талуудаа онцолж үргэлж суралцах ёстойгоо мэддэг.

4. ЧИ ХҮМҮҮСТЭЙ НЭТВОРК ХИЙЖ, ЗӨВ ХАРИЛЦАА ТОГТООЖ ЧАДДАГГҮЙ УЧИР ЯЛАГДДАГ

Би зожиг, ганцаараа байх дуртай хүн. Олон ч жил ийм байгаа. Би бас дунд зэргийн хэнээтэй хүн. Өөрийнхөө төслүүдийг би зөвхөн өөрийнхөөрөө л хийхийг хүсдэг. Энэ нь өөртөө эргэлзээтэй байдал уу, төвөгтэй зан ааш уу, биеэ тоосон шинж үү, мэдэхгүй юм.
Би өөрийнхөө маш ихээр хүссэн зүйл дээр бусдын нөлөөлөлд орж ажиллаж чаддаггүй дутагдалтай хүн.

Дээр үед миний мэргэжлийн хөгжимчин болох мөрөөдөл ч тэр, интернэт бизнес дээр ч тэр, надад туслаж чадах байсан тэр хүмүүстэй нэрэлхүү зангаасаа болж, юу ч хийж чадалгүй олон сайхан боломжуудыг алдсан байсан.

Ажилд орж буй хүмүүсийн 66 хувь нь тэр компанид танилтай байсан учраас ажилд ордог гэсэн судалгаа байдаг. Ажил мэргэжлийн төлөө биш юмаа гэхэд ер нь л өөрийгөө бусдаас тусгаарлах нь аюултай. Нийгмийн болон хайр дурлалын харилцааг бүтээхэд хүнтэй танилцаж, утга учиртай харилцаа үүсгэж чадах чадвар маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Судалгаанаас үзэхэд, нийгмийн харилцаагүйгээр амьдрах нь тамхи татахтай адил хортой гэсэн байна.

5. ЧИ ЗӨВЛӨГӨӨГ АВАХ БУС ҮГҮЙСГЭЖ ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРДӨГ УЧИР БҮТЭЛГҮЙТДЭГ

Үргэлж зөв байх гэж дайрах нь бүтэлгүйтэх хамгийн найдвартай тасалбар юм.

Юу байх нь огтхон ч хамаагүй, өөрийгөө улам сайжруулахын оронд чамд туслах гэж байгаа хүмүүсийн эсрэг байнга сөргөөцөлдөж байдаг бол чи аль хэдийн бууж өгсөн гэсэн үг.

Чи өөрийнхөө ухаалаг мэтгэлцээн дунд юу ч харах сөхөөгүй тэнэг хэвээр үлдэх болно.

Аливаа зүйлд амжилт гаргахад санал дүгнэлтийн алтан дүрэм гэж байгаа. 1.Туршиж үзэх, 2.Санал сонсох, 3.Үр дүнг харах, 4.Үр дүнгээс суралцах, 5. Дахин шинэ зүйл турших.

Болохгүй байсан ч гэсэн өөрийнхөө итгэдэг тэр л зүйлийг зөвхөн зөв гэж бодон бусадтай байнга маргадаг хүмүүс аль хэдийн үхсэн мэт. Тэд бусдын саналыг хэзээ ч сонсож хүлээн зөвшөөрдөггүй учраас хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй.

Хүн бүр хүн болгоноос байнга зөвлөгөө аваад бай гэсэн үг биш. Хэдий хамаагүй байсан ч гэсэн хүмүүсийн санал зөвлөмжинд нээлттэй байж, өөрийнхөө зөв байсан гэдгээ батлах гэж яарахаа түр азнах хэрэгтэй.

Энэ төрлийн асуудлаас болон хохирдог хүмүүс ихэвчлэн маш ухаантай боловч өөртөө итгэлгүй. Энэ бол муу хослол яагаад гэвэл хүн ухаантай байх тусмаа өөрийнхөө новшийн шалтгуудаа оновчтой ухаалаг байдлаар зөвтгөж чаддаг. Өөрийнхөө ухааныг хэврэгхэн эгогоо хамгаалах механизм болгон ашиглаж байгаа нь ухаанаа буруу ашиглаж байгаа хэлбэр юм.

6. ЧИ ХЭТЭРХИЙ САТААРСАН УЧИР БҮТЭЛГҮЙТДЭГ

Фэйсбүүкийн Newsfeed-ээ шалгана, Твиттер, Reddits, И-мэйл, дахиад фэйсбүүк, инээдмийн бичлэг, фэйсбүүк дээр пост бичнэ, хөгжилтэй муурны бичлэг, фэйсбүүкээр чат бичнэ гэх мэтээр давтана.
Хэрвээ та бүгдийн өдөр тутмын амьдарлыг дүрслэн бичсэн бол уучлаарай. Жилийн эхэнд нэгэн зүйлийг туршиж үзсэн юм. Спорт, улс төрийн талаар нэг сар сонирхохгүй байхаар шийдсэн. Нэгэн цагт маш чухал гэж бодож байсан мэдээллүүд ямар ч хэрэггүй хог байсныг мэдээд би гайхширсан. Өөрийн амьдралд хэрэг болох мэдээллийг олж аван өөрийгөө мэдээлэлжүүлэх байтал зүгээр л намайг дараа дараагийн хэрэггүй хог унших линкүүд дээр даруулах зорилготой хэрэггүй зүйлүүдийг уншдаг байснаа ойлгосон.

7. ЧИ ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛД ТОХИОЛДОЖ БУЙ ЗҮЙЛҮҮДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ УЧИР ЯЛАГДДАГ

Өөрөөр хэлбэл чи бүх зүйлийг хэн нэгэнд тохох, шалтаг шалтгаан тоочих өвчтэй гэсэн үг. Өөрийнхөө амьдарлын асуудлуудыг засахын тулд чи түүнээсээ давсан хүчтэй байх ёстой. Өөрийн асуудлууддаа хариуцлага хүлээх чадваргүй бол түүнийгээ удирдаж чадахгүй. Тийм учраас өөртөө тохиолдож буй зүйлүүддээ хариуцлага хүлээхээс нааш чи дандаа бүтэлгүйтэх болно.

Үнэхээр шудрага бус, бурхан чамаар даажигнаад байгаа ч юм шиг, чи юу ч хийж чадахгүй тийм амьдралын нөхцөл байдал зөндөө олон удаа тохиолдох болно. Хүн цаанаасаа л өөрийн асуудлаа гадны хүчин зүйлд тохох гээд байдаг. Мөн чи үргэлж л буруугүй, үнэхээр боломжгүй, яах ч аргагүй байдаг.
Ийм хүмүүсийг хараал идэг.

8. БОЛОМЖТОЙ ГЭЖ ИТГЭДЭГГҮЙ УЧИР ЧИ ЯЛАГДДАГ

Бүх зүйлд итгэвэл бүтнэ гэдэг худлаа зүйлүүдийн нэг биш. Энд ямар нэг ид шидийн, мухар сүсгийн хүч гэх зүйл юу ч байхгүй. Өөрт байгаа боломжийн тухай, хүний далд ухаанд оршин буй бодлууд, хичээл зүтгэлийн түвшин болоод амжилтын зан төлвийг тодорхойлдог. Жишээлбэл: Нэг судалгаагаар, өөрийнхөө бодит чадварын талаар худлаа ч гэсэн эерэг бодолтой тамирчин нь өөрийнхөө бодит чадварын талаар сөрөг бодолтой тамирчнаас илүү амжилт гаргасан байдаг.
Өөрийнхөө чадварыг байгаагаас нь илүү үнэлдэг хүмүүс ерөнхийдөө бөгсөө буйдангаасаа хөндийрүүлж босоод ямар нэг зүйл хийх гэж ядаж л оролдож үздэг. Оролдож үзээд, алдаа онооноосоо суралцаж туршлагажсан хүн өөрийгөө амжилт руу залж удирдаж чадна.

Их бага хэмжээгээр сүр жавхаагаа дэгсдүүлэн бодох нь хол явахын цондон.

9. БҮРЭН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛАХААС АЙДАГ УЧИР ЧИ ЯЛАГДДАГ

Ихэнх хүн их хайхрамжгүй байдаг. Тэдэнд яг тодорхой, жинхэнэ хүсэл тэмүүлэл гэх зүйл үгүй байдаг. Тэд тодорхой бизнес, төсөл, зорьж, хүсч буй зүйлдээ бүхнээ зориулах сэтгэл дутмаг. Ихэнх нь хурдан бууж өгдөг. Заримынх нь зүгээр л сонирхол нь буурчихдаг. Бусад нь бүр эхэлдэг ч үгүй.

Удаан хугацааны хайхрамжгүй байдал дотогшоо чиглэсэн өөрийгөө зөвтгөх хамгаалалтын механизм юм. Давж гарах хүсэл мотивацыг буруулж байдаг.

Өөрөө ч мэдэлгүйгээр, далд ухамсараараа, ихэнх нь өөрийгөө нэг зүйлд бүрэн зориулж, дайчлахаасаа айж байдаг. Яагаад гэвэл ихэнх зүйл бүтэлгүйтэж байдаг бөгөөд бүтэлгүйтэл нь хүний сэтгэцэд маш олон бодол авчирдаг тул тэр бүхэнтэй нүүр тулахад бэлэн биш байдаг. Өөрийн үнэлэмжийн тухай, чадварын тухай, хайрлуулах эрхтэй хүн үү үгүй юу гэх мэт хүндхэн асуултууд гарч ирдэг тул энэ бүхнээс зугтаасаар л…

Би Freud биш л дээ, тэгэхдээ миний л туршлагаас харахад, янз бүрийн сэтгэц сэтгэлийн асуудлуудынхаа голыг нь олж, үндсээр нь таслаж, нүүр тулж, шийдээгүй цагт зарим хүмүүс тэр асуудлаа давж гарах нь юу л бол…

10. ЧИ СЭТГЭЛИЙН ГҮНДЭЭ ӨӨРИЙНХӨӨ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ ХҮРТЭХ ЭРХГҮЙ ХҮН ГЭЖ БОДДОГ УЧРААС АЛЬ ХЭДИЙЭЭ ЯЛАГДСАН БАЙДАГ

Дээр дурдагсан шалтгаанууд бол ерөнхийдөө бүтэлгүйтлийн өнгөн хэсэг юм. Таны бүтэлгүйтлийн хамгийн гол үндэс нь юу вэ гэвэл та хүссэн зүйлээ хүртэх эрхгүй гэдэгт итгэдэг.

Яг үнэндээ бидний ихэнх нь дотоод гүндээ өөрийнхөө талаар тааламжгүй бодол сэтгэлийг булшилсан байдаг. Магадгүй бидний бага насандаа шоолуулж байснаас ч юм уу, эцэг, эх ч юмуу, багш нар биднийг юу ч чадахгүй хэн ч биш гэж итгүүлсэнээс ч юм уу, аль эсвэл ухаантай байсныхаа төлөө шийтгүүлж байснаас ч юм уу? Аль нь ч байж болох юм. Юу ч боллоо гэсэн, ямар нэг явдал болохын хувьд болсон. Олон сайн сайхан зүйл хийж бүтээе гэж бодохоор бидний дотроос ямар нэг үл мэдэх зүйл хатгаж тавгүйтүүлдэг.

Бизнес эрхлэгч, зөвлөx Sebastian Marshal өөрийн “Ikigai” номондоо ингэж бичжээ.

Өчигдөр орой би найзтайгаа ярилцаж байхдаа ингэж хэлсэн. “Хэрвээ чи үүнийг л хийчих юм бол чамд эхний үйлчлүүлэгч чинь цагт 400$ төлөх болно. 90 хоногийн дотор эхний үйлчлүүлэгч олдоно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Дараагийн 90 хоногт чиний хийх ганц л зүйл бол энэ байна, бүтнэ гэдэг нь өндөр магадлалтай”

Одоогоор түүний хамгийн чухал зорилго бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юм. Түүнд би тэр эрх чөлөөнд хүрэх төлөвлөгөөг гаргаж өгсөн.
Тэгээд би түүнээс чи үүнийг хийх үү гэж асуусан.

Тэр хариулахдаа Үгүй, би хийхгүй гэсэн.

Ингээд сая долларын асуулт. Яагаад, Яагаад хийхгүй гэж?

Тэр ингэж хариулсан. “Би мэдэхгүй байна. Би яг үнэндээ энэ талаар бодмоор ч үгүй байна. Гэхдээ би хичээх болно оо. Мэдэхгүй ээ, айдас юм болов уу. Би өөрийнхөө юу чадахыг мэдэхгүй байна, би өөрийнхөө хүч чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байх шиг байна. Нэг л сонин санагдаад байна. Би бэлэн биш ч байж магадгүй. Магадгүй би дахин суралцах ёстой байх. Би мэдэхгүй байна.”

Яагаад хүмүүс хийдэггүй вэ?

Новш гэж, би хүмүүст мөнгө олох аргыг үнэгүй зааж өгөөд байдаг, маш хялбар боломжийн бизнес төлөвлөгөөг үнэгүй хэлж өгөөд байдаг. Дээрээс нь туслах гээд байдаг. 80-аас дээш хувь нь хүлээж авдаггүй.

Энэ бол өөртөө итгэлтэй байдлын бас л нэг оньсого шиг зүйл. Хүртэх ёсгүй гэж үзсэн зүйлээсээ чи татгалзах олон янзын шалтгаан үргэлж олж байдаг. Амжилтыг дагаж ирдэг нэр хүнд, дарамт ачаа зарим нэгнийг хаан болсон мэт мэдрүүлж, зарим нэгнийг залилагч луйварчин болсон мэтээр мэдрүүлдэг.

Чиний сэтгэлийн гүнд, чамайг айдаст автуулдаг, өөртөө итгэлгүй болгодог могойн хэлээр ярих мэт дотоод дуу хоолой байдаг.

Магадгүй хамгийн хайртай хүнтэйгээ учирсан үед, мөрөөдлийн ажилдаа шамдан ороход, бүтээлч зүйл хийх боломж олдох үед, энэ дуу хоолой дотроос чинь сонсогдож эхэлдэг. Аль эсвэл өөрийнхөө хүндэлж биширч явдаг хүнтэйгээ уулзах боломж олдох үед чи яг сүнс мэт болчихдог.

Юу ч байсан гэсэн, олон эргэлзээ нийлэхээрээ бүхнийг баллах аргаа олоод байдаг.

Өөрөөр хэлбэл чи өөрийн гараараа өөрийгөө балладаг. Энэ бол хатуу үнэн. Үүнээс өөр зүйл байхгүй. Чи үгүйсгэх гэж хэчнээн оролдовч, энэ айдас үргэлж чамаас салахгүй, үл үзэгдэгч саад байсаар байх болно. Чамайг үргэлж аз жаргалаас чинь тусгаарласаар л байна.

Энэ асуудлыг давж туулж болно. Гэхдээ энэ үйл явц сэтгэл өвтгөнө, дотор зурна.

Мөн дахиад л нэг давхарга мэдээж байгаа. Улам гүнд илүү айдас байнга байж байдаг. Үүнтэйгээ бид дахин дахин нүүр тулсаар л байх болно.

https://www.facebook.com/mandkhai.mandkhai

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …