ЦАХИМ ЭМЧ: Хөлийн эрүүл мэнд


Хөлийн тавхай нь яс, үе холбоос, шөрмөс, булчин, цусны судас, хөлсний булчирхай зэргээс тогтсон нарийн нийлмэл биомеханик механизмтай хүний биеийн чухал хэсэг юм. Хөлийн эрүүл мэндийн үндэс нь чийгтэхгүй, даарахгүй, доргихгүй, холгохгүй байхад оршино.

ХӨЛИЙН ДУЛААН ЗОХИЦУУЛГА БА ЧИЙГ
Хүний бие нь даарсан үедээ биеэс гадагш дулаанаа алдахгүй байхаар, халууцсан үедээ илүүдэл дулаанаа гадагшлуулдаг дотоод зохицуулгатай. Үүнийг биеийн дулаан зохицуулга гэдэг. Энэхүү зохицуулга нь биеийн темпратур, орчны агаарын темпратур, агаарын чийгшил зэргээс хамааралтай.

Биеийн дотоод темпратур цельсийн 37.5 градус байдаг. Харин гар, хөл, нүүр гэх мэт хэсгийн арьсан дээрх темпратур нь орчны темпратураасаа хамааралтайгаар хэлбэлзэж байдаг. Халууцсан үед биеэс дулааныг гадагшлуулахдаа капиляр судсууд өргөсөх, арьсан доорх хөлсний булчирхайнууд идэвхжиж хөлрөх байдлаар зохицуулагддаг.
Арьсны нэг см2 талбайд 200-800 хөлсний булчирхай байдаг гэж үздэг. Гэхдээ гарын алга, хөлийн уланд хөлсний булчирхай хамгийн олон тоотой байдаг байна. Иймд гарын алга хөлрөх, хөл хөлөрч чийгтэх нь хөлсний булчирхай их байдагтай холбоотой. Хөл дээр жишээ авья.

Хүн өдөрт дунджаар 5,000-10,000 алхам хийдэг. Булчингийн хөдөлгөөний нөлөөгөөр капиляр судсууд тэлж цусны урсгал хурдасч дулаан үүсэлт нэмэгддэг. Үүссэн илүүдэл дулаанаа гадагшлуулахын тулд хөлсний булчирхайнууд идэвхжиж хөлс ихээр ялгаруулна. Хөлний дулаан зохицуулгад гутал чухал оролцоотой.

Гутал бол битүү орчин. Ийм орчинд үүссэн илүүдэл дулааныг гадагшлуулахгүй байх аваас хөлс ихээр ялгарч чийгтэж үнэр орох, мөн тэрхүү дулааны орчинд хөлний мөөгөнцөр үүсэх суурь нөхцөл бүрддэг байна. Агаарын солилцоо явагдахгүй бичил орчинд хөлний мөөгөнцөр өсөж үржих таатай нөхцөл бүрддэг.

Атлетик хөл хэмээн нэрийддэг хөлний мөөгөнцөрт өвчин нь хөлд тохироогүй гутал өмсөх, хөл их хөлрөх, бусадтай гутал сольж өмсөх, хөлийн арьсны бичил гэмтэл зэргийн үед үүсдэг.
Нэгэн түүх сонирхуулья. 1989 оны зун нэг Итали эр Америкийн Невадад худалдааны үзэсгэлэнд гэр бүлийнхээ виноны бизнесээ танилцуулахаар явжээ. Замдаа түүний хөл нь маш их халууцаж чийг татаад байхаар нь Швейцар аялалын хутгаараа гуталныхаа улыг цоолж нүх гаргаж өөрт тохиолдсон асуудлыг шийджээ.

Ийнхүү өөрт тохиолдсон явдлаараа гутлын улаараа агаарын солилцоо хийдэг амьсгалдаг гутал зохион бүтээхээр шийджээ. Итали эр Марио Полегато-ийн шинэ бүтээлч санаа биелэлээ олж амьсгалдаг гутал хэмээх патентийг эзэмшдэг Geox брэнд ийнхүү үүсчээ.
ХӨЛИЙН БИОМЕХАНИК БА ДОРГИЛТ
Хүний биеийг доргионоос хамгаалах хоёр механизм үйлчилдэг. Эхнийх нь багана нуруу юм. Хүний биеийн багана нуруу нь хүзүүнээс эхлээд ахар сүүл хүртлээ шулуун шугаман бус нумарсан хэлбэртэй байдаг нь явах, гүйх, харайхад дорилтоос хамгаалахаар зохицуулагдсан байдаг. Хоёр дахь нь хөлийн улны нум.

Хөлийн тавхайн нь бэлбэрхийн (os tarsalis) долоон яс, өлмийний (os metatarsalis) таван яс, хөлийн хурууны шивнүүр (os phalanges digitoris) 14 яс нийтдээ 26 яснаас тогтдог. Эдгээр яс нь тогтохдоо хөлийн ул хэсэгтээ нуман хэлбэрийг үүсгэж өгдөг. Энэ нь алхах, гүйх, харайхад ирж байгаа хүчийг хөлийн улны нум хэсэгт багасгаж доргилтоос хамгаалдаг.

Хөлийн анатомийн бүтцийн дагуу бус шулуун ултай гутал удаан хугацаанд өмссөнөөс хавтгай ул хэмээх эмгэгт хүргэдэг. “Хавтгай ул” болсон үед алхах, гүйх, харайхад хөлийн уланд ирэх ачаалалыг бууруулж чадахгүй болдог. Энэ нь багана нуруунд хэт их ачаалал өгч нурууны нугалмууд шахагдах, мэдрэлийн ёсоор дарагдах, дотор эрхтэн доргих, тархи доргиход нөлөөлөх гол хүчин зүйл болж өгдөг.

Тэр тусмаа бага насны хүүхдүүдэд гутлыг нь сонгож өгөхдөө маш сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдийн яс бүрэн гүйцэт хөгжөөгүй байдаг тул энэ үед шулуун ултай, анатомийн бүтцийн дагуу бус гутал сонгох нь хүүхдийн хөлийн ул хавтгай болоход маш хурдан байдаг.

Иймд аль болох чанартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүн сонгох нь хүүхдийн болоод таны эрүүл мэндэд маш чухал юм. Монголчууд бидний дунд хүүхдийн гутал хурдан багадчихдаг гээд хүүхдийн гутлын сонголтонд төдийлөн анхаардаггүй сул талтай.
ТОХИРООГҮЙ ГУТАЛ БА ХОЛГОЛТ
Томдсон, багадсан эсвэл загвараасаа хамаараад хөлийн аль нэг хэсгээр нь дарсан гутал өмсөх нь хөлийг холгуулдаг. Учир нь хөл биомеханик хөдөлгөөнөөр байнга хөдөлгөөнд оршдог. Ийм гутлууд нь дархлаа нь суларсан, чихрийн шижинтэй хүмүүст илүү эрсдэлтэй байдаг.

Чихрийн шижин эмгэгийн үед цусан дахь сахрын хэмжээ нэмэгдэнэ. Энэ нь цусыг өтгөрүүлснээр захын хялгасан судаснуудад цус хомсрох цаашлаад хялгасан судасны гэмтэлд хүргэнэ. Ийм үед хөлд тохироогүй гутал өмсөх нь хэсэг газрыг маш хурдан үрэвсүүлж шархлахад хүргэдэг.

Чихрийн шижин эмгэгийн түгээмэл тохиолддог хүндрэл нь хөлийн хүндрэл байдаг. Энэ хүндрэлийн улмаас хөл тайрах хэмжээнд хүрдэг. Иймд чихрийн шижин эмгэгтэй хүмүүст гутал нь хөлд эвтэйхэн байх ёстой гэж зөвлөдөг учир энэ.

https://www.facebook.com/tsahimemch

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …