Тавхан хором \өгүүллэг\

bmwarez.blog.gogo.mnӨнөөдөр та бүхэндээ Э.Үржинхандийн “Тавхан хором” өгүүллэгийг хүргэж байна. Энэ өгүүллэгт  үрээ алдсан эхийн шанлал болоод сэтгэлд үлдсэн харуусал  насан туршид даган явдаг гэдгийг нэгэн гунигт явдлаар харуулжээ.

Тавхан хором

-Ердөө хэдхэн хоромд…, алхсан мөрийг нь хүртэл ор сураггүй алдчихсан юм шүү дээ гээд Далай гараа зангидсанаа нүүрээ даран хоолой нь зангирахад Очироо архи хундагалангаа:

-Харин тийм, ёстой хачин юм болсон шүү. Одоо хүртэл сэтгэл зовж явдаг юм даа, хөөрхий. За, тэр явдлыг дурсахаар л дотор нэг юм тээглээд хэцүү болох юм гэснээ хундагатайгаа гүдхийтэл хөнтрөөд нүдээ анин гараа атгаад амандаа дөхүүлж нэг хүчтэй үлээснээ:

-За, хөгшин чинь ингэсгээд хөдлөх үү дээ гээд Далайгийн мөрөн дээр хөнгөн алгадангаа хэлэхтэй нь зэрэгцэн түүнийг үүд рүү гаргаж өглөө. Халамцсан Далай Очироог явсны дараа эхнэр охин хоёрынхоо тайван унтаж буйг хайр дүүрэн нүдээр ажиж хэсэг зогсов. Тэгснээ орны өмнө өвдөг сөхрөн суугаад өнөөх л сэтгэлийн далдаас зовоох өчнөөн жилийн өмнөх гашуун явдлыг сэтгэл шимшрэн санаж эхэллээ.

-Ядаж өрөөсөн бойтгийг нь ч болтугай олоогүй дээ хэмээн бодох бүрийд анчин Далайгийн зоримог хурц нүдэнд нулимсан дусал цийлэгнэнэ. Дөрөвдүгээр сарын ханзарсан цас гуниг дагуулан энд ч нэг тэнд ч нэг харлан харагдаж байсан тэр жил гуравхан настай хүний нялх үрийг хамар доороосоо алдана чинээ хэн санах билээ. Тэр даруйдаа эрэлд гараад дөрвөн сарын турш тэр хавийн уул хад, жалга довыг нэгд нэгэнгүй нэгжээд юу ч олоогүй. Өнөөдөр охиныхоо төрсөн өдрийг тэмдэглээд, найз нөхдөө дайлж жаахан согтох аядсан Далай гурван ойтой Маралгуа энхрийлэн үнэрлээд хөмсөг атируулан бодолд дарагдаж, нүдээ анихад тэр жилийн хүйтэн өдөр нүдэнд нь илхэн харагдана.

-Ай даа, мөн сайхан байна шүү. Хангайн хишиг ч цаанаа л өөр юм аа хө гэлцэн идэр насны хоёр эр энэ тэрийг хөөрөлдөн ангийн чанасан мах хамар цоргим үнэртүүлж, хурц иртэй хутгаар хөшиглөж хошуу амаа арчин амтархан идэж, хааяа нэг нэрмэл хүртэн тамшаална. Эзэгтэйг хонио эргүүлээд ирэх хооронд бяцхан охиныг нь харж байх үүрэг даалгавар авсан хоёр найз гэрийн эзэнд амсуулах юмаа цааш нь тавиад элдвийг ярилцжээ суутал өнөөх гурван настай “бурхан” часхийн уйлж:

– Ээз ээ, ээз ээ хэмээн уйлагнах нь сайхи залууст түрүүнээс хойш таван үг ч солиулахгүй туйлын яршигтай санагдана. Анчин эр Очироо охинд жаахан мах огтолж өгөөд хошуугаа цорвойлгон аргадмаар аядаж:

– За, ээж нь одоо ирнэ, миний дүү ингээд сууж бай, уйлж болдоггүй юм шүү дээ. Сайн хүүхэд дээ гээд эргэж харав. Тэд юу ч юм ярилцан хээв нэг бор дарсаа хүртэн мар мар инээлдэж суутал охин дахиад уйлагнаж эхлэх нь тэр. Харин энэ удаад Далай давхарлаж өмссөн олон хувцсандаа түүртэн арай ядан өндийж уур цана савсуулсаар хаалгаар шагайн харвал хэдхэн алхмын цаанатаах дэнж дээрээс охины ээж Баярмаа хонь малаа туусаар ирж яваа харагдана.

-Өө, энүүхэн энд ээж нь ирж яваа юм байна гэж нүдээ том болгон Очироод хэлээд гараа хумбайлган амандаа барьж охины ээж рүү:

-Баярмаа, Охин чинь уйлаад байна аа, чам руу явуулчих уу? гэж хашгирав.

Бүсгүй юу ч юм хариу хашгирч гараараа дохиход нь түрүүнээс хойш бага багаар хүртсээр бор дарсандаа халамцсан Далай үнэндээ бүсгүйн юу гэснийг тотож сонсоогүй тул охиныг өөр лүү нь явуулахыг зөвшөөрсөн дохио гэж бодоод тос өөх болсон гараа тохойндоо хэдэнтээ арчаад бяцхан охины үстэй дээлийг нь бүсэлж, ишгэн малгайг нь  өмсүүлээд  үүдээ дэлгэн долоовор хуруугаараа  зааж:

-Заа, тэр хар даа, ээж нь тэр байна, ээждээ очоорой за юу, сайн жаал         гээд зулайг нь илэхэд Очироо:

-Болох юм уу даа хө? Нялх амьтан тэр хол яаж явах юм бэ гэвэл Далай:

-Өө, зүгээр зүгээр. Баярмаа энүүхэнд ирж байна, хөдөөний хүүхдүүд ч бага гэлтгүй айхтар шүү гээд охиныг ээждээ очтол нь харж байх санаатай хаалгаа дэлгээд эргэж суудалдаа суухад Очироо сая нэг санаа нь амарсан бололтой өөдөөс нь   чанаж буй махнаасаа  халуу цоргиулан таваглаж, амт үнэрийнх нь сайханд автсаар тэд охиныг дахин анзаарсангүй. Очироо:

-За хө, нэг татчих хэмээн модон тагшинд нэрмэл хийж сарвайлаа. Тэд шинэхэн  махны амттай сайхныг гайхахдаа дэлгэж орхисон хаалга руу хүний урманд зурвас ч болтугай харсангүй.  Өнөөдрийн олзны сайхныг шагшиж, маргааш өглөөний анд үүр цүүрээр эртлэн  гарах тухайгаа ярьжээ суутал охины ээж Баярмаа хэдийдээ ч ороод ирсэн юм бүү мэд. Хүзүү толгойгоо ороосон цэцэгтэй алчуураа тайлангаа:

-Ангийн мах сайхан үнэртэж байна аа даа, та хоёр тух алдаагүй биз?                       Манай хүн удахгүй ирнэ, тэгэхээр та гурав тухтай сууна биз дээ  гэснээ:

-Охин хаачаа вэ? гэж гэр доторхийг сандарсан нүдээрээ тойруулан харж    асуувал Далай, Очироо хоёр сая ухаан орсон мэт давхийн зэрэг шахуу:

-Үгүй дөнгөж сая чам руу явуулсан шүү дээ.  –Тийн, тийн.  чам руу явуулсанхө, чамтай хамт ирээгүй юм уу?  гэлцэх нь тэр.   Бүсгүйн царай тэр даруйдаа зэвхийрэн, залуухан эхийн сэтгэлийг хормын төдийд түгшүүр нөмөрч:

-Үгүй, хэзээ тэр вэ? Над руу ирээгүй! гээд нүдээ бүлтэгнүүлэн тэр хоёр руу  ээлжлэн харлаа.

Тэдний нуруугаар хүйт дааж, архи нь гарах шиг болоход сандралдан тэвдэж эрэл   хайгуулд гарцгаалаа.  Хичнээн дахин хайгаад ч ойр хавьд хүүхдийн бараа сураг гэхээр юм харагдсангүй. Гэрээс гараад хаврын ханзарч буй цасан дээр гарсан өхөөрдөм бяцхан мөрөөр нь дагаж явсаар тэндээс холгүй жалгын ирмэг дээр ирээд өнөөх мөрөө алдчихав. Хачирхалтай нь үнэхээр охины байтугай, өөр амьд амьтан тэр хавиар явсан шинж ер алга. Нялх үрээ алдсан Баярмаагийн царай тийм гэхийн тэмдэггүй зовнилоор дүүрч, уул хадаар орь дуу хадуулан охиноо дуудаж хашгирна. Түүний гомдол харуусал хурсан нулимстай  нүд Очироо, Далай хоёрыг цээрлүүлэх мэт харж байсныг юутай зүйрлэж болохыг бүү мэд. Зүрх сэтгэл нь улам шимширсээр.

Олон жилийн өмнөх сэтгэл өвтгөм тэр явдлыг бодож халаглан суусаар Далай нэг мэдэхнээ таван хором хэртэй зүүрмэглэж орхисон байв.

Далай ойр ойрхон алхсан эгдүүтэй жаахан мөрийг дагаад цасан дундуур хөл нүцгэн алхаад л байх юм гэнэ. Буу ч үгүй, юу ч үгүй гар хоосон  ч үстэй дээлтэй бяцхан охиныг эцэс төгсгөлгүй хайсаар, явсаар. Хөр цасан дундуур хөл нүцгэн явах хэрнээ даарах битгий хэл, харин ч хар хөлс нь дааварлана. Гэнэт ард нь араатан архирах чимээнээр сэрдхийн эргэж харвал өлөн саарал чоно өнөөх охиныг зуугаад явж байх нь тэр.

 -Хөөш, хүүе хаая гэж байдаг чадлаараа хашгирвал чоно эргээд Далай руу архирсаар дөхөв. Лавшруулан харвал чонын дүрд хувилсан Баярмаа хайртай охин Маралгуагийнх нь хүзүүнээс цус савируулан зууж, харин охин нь амь тэмцэн арвалзаж байх юм. Охин нь:

-Ээз ээ, ээз ээ хэмээн часхийн уйлахад Далайгийн зүрхээр хатгуулах шиг болж, хүйтэн хөлс нь бурзайн, хамаг бие нь арзайж хар дарсан зүүднээсээ арайхийн цочиж сэрлээ. Сэрээд харвал охин нь орныхоо өмнө уначихсан ээжийгээ дуудан уйлж байгааг хараад одоо л  булбарайхан үрийг нь хэн нэгэн юу юугүй булаах гэж буй мэт санагдмагц энгэртээ чангаас чанга тэврээд чимээгүй мэгшихэд цонхны цаана өвлийн намуун шөнийн цас харанхуйд уусан бударсаар байлаа.

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …