МҮОНТ-ийн шинэ уран бүтээл “Эрт нахиалсан сарнай” киноны үйл явдлыг хурцалж, үзэгчдийг түгшээж, догдлуулж байгаа дүр бол Мистер Тулга.
Эртний эдлэлийн зартай наймаачин, элдвийг үзсэн зайтай эрийн дүрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг бүтээсэн билээ. Түүнтэй шинэ дүрийнх нь талаар ярилцахад сонирхолтой байлаа. Дашрамд дурдахад, киноны зохиолч А.Амарсайхан Мистер Тулгын дүрийг жүжигчин Ц.Төмөрхуягт зориулан бичсэн бөгөөд зохиолоо өөрийн биеэр авчирч өгчээ.
-Эсрэг дүрийн мастер киноны зохиолыг уншаад л тоглохоор шийдсэн гэнэ. Учир нь:
– Эхний хориод ангийн зохиол надад ирсэн л дээ. Тэгээд уншсан. Миний сэтгэл дотроо хадгалж байдаг нэг зүйл байдаг юм л даа. Тэр нь… Олон түүхэн кинонд тоглож байхад, хувцсыг нь ч юм уу, эдлэл хэрэглэлийг нь ч ориг хийхийг оролдож, музейгээс авчирдаг. Гэтэл яг ориг, жинхэнэ юм Монголд байхгүй болчихсон юм билээ. Бидэнтэй хамт “Долоон бурхан харвадаггүй” дээр ажиллаж байсан дархан ярьж байсан. Маршал Чойбалсангийн хувцсыг оруулж ирэхэд бүснийх нь зөвхөн арлыг нь хараад л манай дархан “Энэ бол ориг биш” гээд шууд мэдэж байсан.
Ер нь залуучууд хоорондоо ярьдаг шүү дээ. Түүхийн музейд байгаа эртний хуучин үзмэрүүдийн ихэнх нь ориг биш болсон. Ардчилал гараад, бүх юм замбараагүй болсон үед хэсэг бүлэг хүн амин хувийн ашиг хонжоо хайгаад түүхийн үнэт зүйлүүд, соёлын өвүүдээ урагшаа ч юм уу гадаад дотоодод гаргачихсан. Тэгээд зохиолыг уншихад, “Ерөөсөө энийг хийх ёстой. Яагаад монголчууд бид үндэстнийхээ түүхийн үнэт зүйлүүдийг ингэж ичгүүр сонжуургүйгээр, нэгийгээ алан барин байж гадаадад гаргаж, мөнгө болгох хэрэгтэй юм бэ” гэсэн гуниг төрсөн юм. Тэгээд энэ шугамыг л баримталъя, энийг хүмүүст хэлье, ярья гээд зохиолч, найруулагчдаа хэлсэн. Дүрд тоглох бол яах вэ, жүжигчин хүний ажил. Харин сэтгэлгээний хувьд энийг л Тулгын дүрээс олж харсан учраас “Эрт нахиалсан сарнай”-д тоглохыг зөвшөөрсөн хэрэг.
– Энэ үнэхээр эмзэг сэдэв шүү…
– Эмзэг сэдэв. Монголчууд бид өөрийн гараар өөрсдийнхөө түүхийг, соёлыг устгана гэдэг бол монгол үндэстэн байх уу үгүй юу гэдэг язгуур эрх ашиг байхгүй л болно гэсэн үг шүү дээ. Ийм байхад “тусгаар тогтнол” гэж хоосон яриад яах юм бэ. Тэрэнд л эмзэглэж байсан. Жүжигчний хувьд тэр эмзэглэл л хамгийн чухал.
– Та киноны зохиолоо эрт авсан юм байна…
– Проб хийгдээд явж байна гэж дуулдаж байсан. Гантулга найруулагч намайг мэдэх юм. Би өмнө нь телевизийн олон ангит таван кинонд тоглосон хүн. Тоглуулахын тухайд Амарсайхан санал тавьсан юм шиг байна билээ. “Кинонд Төмөрхуяг ахаас өөр хүн тоглохгүй ээ” гээд. Тэгээд кино эхлэхээс бараг хоёр сарын өмнө зохиолоо өгчихсөн. Уулзаад шууд асуусан. Уншсан уу? гэсэн. Уншсан гэсэн. Тэгээд л Тулгын дүрд ярилцаад эхэлсэн. Найруулагчтай уулзахад “бусад дүрээс арай ондоогоор хийхийг хичээгээрэй” гэсэн. Тэр дагуу найруулагчтайгаа зөвлөлдөөд, Тулгын догшин ширүүн занг үг багатай, үйлдэлтэй, сэтгэлийн азартный байдлыг нь нүдний тоглолтоор хийхээр оролдсон л доо. Тулгын дүрийн гол шугам нүдээр л явж байгаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу