Элсэгчид батламж хуудсаа хаанаас авах вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдрийн турш үргэлжлээд энэ сарын 20-нд дууссан. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 43800 хүүхэд шалгалтаа амжилттай өгөөд байна. Шалгалтаа өгсөн сурагчид одоо шалгалтын дүн оноогоо хүлээх, батламж хуудсаа гардах, сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэх “том ажил”-ыг хүлээж суугаа. Тиймээс шалгалтын батламж хуудас, дүн, оноотой холбоотой зарим мэдээллийг дуулгая.

ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООГ ХЭРХЭН ХАРАХ ВЭ?

БСШУСЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас шалгалтын материал хэрхэн засах талаар болон элсэгчид дүн оноогоо хэзээ харах тухай тодруулсан юм. Тэрээр “Шалгуулагчийн шалгалтын материалыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн оноог гаргана. Шалгалтын материалын таваас доошгүй хувьд түүврийн аргаар сонголт хийн дахин хяналтад оруулж баталгаажуулдаг” гэв. Мөн ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn цахим хуудас болон өдөр тутмын сонинд нийтэлнэ. Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 1-нд өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч өөрийн дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан харах боломжтой.

ЭЕШ-ЫГ ГУРВАН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ДҮГНЭДЭГ

Боловсролын үнэлгээний төв нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар ЭЕШ-ыг зохион явуулсан ба шалгуулагчдын амжилтыг гүйцэтгэлийн оноо, хэмжээст оноо, порценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг байна. Гүйцэтгэлийн оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм.

Энэ нь анхны оноо болох бөгөөд хэмжээст оноог тооцон гаргах хамгийн чухал хамаарал юм байна. Харин хэмжээст оноо ба проценталь оноо гэдэг нь жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм. Эдгээр нарийн аргачлал бүхий шалгуураар ЭЕШ-ын дүн оноог гаргадаг байна.

БАТЛАМЖ ХУУДАСНЫ ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА 2.5 ЖИЛ

2018 оны долдугаар сарын 5-наас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудсыг тарааж дуусна. Улаанбаатар хотын энэ оны шалгуулагчид ЭЕШ, МХБШ-ын дүнгийн батламж хуудсаа өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас авна. Харин өмнөх оны төгсөгчдийн хувьд орон нутгийн шалгуулагчид шалгалт өгсөн тухайн аймгийнхаа Боловсрол, соёл, урлагийн газраас батламж хуудсаа авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байна гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …