Б.Наранзун: Эхлээд өөрийгөө хайрлаад, дараа нь бусдыг халамжлах хэрэгтэй

Дэлхийн 100 гаруй орны 200 гаруй хотод зохион байгуулагддаг “FUCKUP NIGHTS” арга хэмжээг өнгөрсөн оны 10 дугаар сараас Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлсэн байна. Энэ удаагийн арга хэмжээ энэ сарын 21-ний 19:00 цагт боллоо.

Онцлог нь амжилттай явж байгаа хүмүүсийн амжилтын тухай биш бүтэлгүйтлийн түүхийг сонсдог нь бидэнд алдаанаас нь суралцах боломжийг олгодог. Бүтэлгүйтэл бол амжилтад хүргэх гол хүчин зүйл гэдэгтэй санал нийлдэг төслийн багийнхан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаагийн “ FuckUp Nights” арга хэмжээний зочноор Философич С.Молор-эрдэнэ, Урлаг, Нийгмийн ухаан судлаач, продюсер Б.Наранзун, Реппер Quiza, Playtime фестивалийн үүсгэн байгуулагч, Ерөнхий зохион байгуулагч Ц.Нацагдорж нар өөрсдийн бүтэлгүйтлийн түүхийг хуваалцсан юм.

 “FUCKUP NIGHTS ULAANBAATAR VOL 9”-ийн онцлох эшлэлүүд

“МАШ ИХ АЛДАГДАЛД ОРСОН Ч НЭГ СЕКУНД Ч ХАРАМСААГҮЙ”

Ц.Нацагдорж

“Өмнө нь Playtime хоёр хоног болдог байсан. Тэгтэл тэр хоёр хоногт нэг секунд ч зогсолтгүй бороо орсон, тэгээд хүмүүс бага ирсэн”.
“Анх наадамдаа олон гадаад хамтлаг оролцуулж, сайхан дуусаж сэтгэл хөдлөөд байж байтал санхүүгийн тооцоо гараад ирсэн чинь би маш өндөр хэмжээний алдагдалд орчихсон байсан”.
“Маш их алдагдалд орсон ч нэг секунд ч харамсаагүй”.
“Гадаад хамтлаг авчраад түүндээ өөрөө маш их дуртай болохоор хүмүүс бас их сонирхож үзнэ гэж бодсон нь миний гол алдаа байсан”.
“Playtime наадмыг зохион байгуулах явцад илүү гоё болгох санаанууд гарч ирээд байдаг. Тэр болгоныг хиймээр санагдаад зардал төлөвлөснөөс давдаг”.
“Фестиваль сэтгэлийг хөдөлгөх хэрэгтэй”

“БҮХ ХИП ХОПЧИД ХООРОНДОО ДАЙСАН МӨРТӨӨ, МИНИЙ ЭСРЭГ НЭГДЧИХЭЭД БАЙДАГ”

Quiza

“2000 онд миний хийсэн Бадарчин дууг Lumino хамтлаг хулгайлж дуулсан, хэдэн үгний хойноос надад харамсах юм байхгүй. Гэхдээ тэдний дуулсан байдал надад таалагдаагүй”.
“Нэг нэгнээсээ санаа авах зүйл байдаг. Гэхдээ хулгайлж болохгүй”.
“Миний анх эхлүүлж байсан урлагтай, сонсголонтой гэдэг хип хоп урсгал маань сүүлдээ кондукторын хэрүүл болж хувирсан”.“Бусад репперүүдээс над руу маш их дайралт ирсэн”.
“Бүх хип хопчид хоорондоо дайсан мөртөө, миний эсрэг нэгдчихээд байдаг. Энх тайвныг тогтоож өгсөндөө баяртай байдаг” /инээв/.
“Аливаа нийгэмд байнга магтуулаад байна гэдэг утгагүй, хараал идсэн ертөнцөд амьдарч байгаа нь завшаан юм”.

“МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГТЭЭ FUCK UP”

Б.Наранзун

“Миний амьдрал тэр чигтээ Fuck up” /инээв/.
“Бүх зүйлсийг, амьдралаа сайхнаар төсөөлсөн үед эмчээс хорт хавдар туссанаа сонсоход хөшиг хаагддаг юм билээ”.
“Бидний амьдралын хэв маяг буруу, их стресстдэг тэгээд түүнийгээ давж чадахааргүй сул гентэй бол хорт хавдарт хүргэх бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна”.
“Хорт хавдар тусаад тулгамдаад бөө хүн дээр очсон чинь “хагалгаанд л орж болохгүй шүү. Би эмчлээд өгнө” гэсэн. Би хагалуулсан одоо амьд байна. Ийм нөхцөлд эмнэлэг рүү л явах хэрэгтэй”.
“Хүний өөрийнх нь алдаа байхад хөндлөнгийн зүйлст буруу өгдөг, энэ хандлагаа бид өөрчлөх хэрэгтэй”.
“Эхлээд өөрийгөө хайрлаад, дараа нь бусдыг халамжлах хэрэгтэй”.
“Тамхи бол ёстой хэрэггүй шүү залуусаа”.

“ЯМАР ИХ ШАГНАЛ, МЕДАЛЬ ВЭ? ХҮҮХДИЙГ БАГААС НЬ БАЛЛАЖ БАЙНА”

С.Молор-эрдэнэ

“Амжилтын үндэс юу вэ? Алдаа л байхгүй юу”.
“Амжилт ч бай, алдаа ч бай бүгд дараагийн боломжийг авчирна”.
“Бид байгаа байрандаа хэзээ ч байхгүй, алдаа дуусаад дараагийн алдаа гээд л явна, урагшилна”.
“Ямар их шагнал, медаль вэ? Хүүхдийг багаас нь баллаж байна”.
“Манай нэг аймар хүмүүжил бол юмсыг “болгоно оо, болохгүй юм гэж байхгүй” гэнэ, тэгж тэнэгтэж болохгүй шүү, болдоггүй л байхгүй юу”.
“Янзална, аргална, үздэг хардаг хүн дээр оч гэнэ яаж ийгээд л алдаагүй болох гээд түүнийгээ нуух гээд байдаг, сайхан гаргаж ирээд ярь л даа”.
“Гол нь амжилт шударга байх ёстой, ихэнх амжилтууд хуурамч байдаг”.
“Худлаа амжилтууд бол бөөн тусгал, туяарал, цацрагтай харин жинхэнэ амжилт чимээгүй байх болно”.
“Хүн амьдралынхаа турш бүтэлгүйтнэ. Энэ нь маш сайн, амттай!”.
“Эхний зорилгоороо амжилт биш аз жаргалыг тавь”.
“Өөрчилж болох боломж байхад, өөрчлөх зориг л хүнд хэрэгтэй. Нэгэнт өөрчлөх боломжгүй байхад түүнийг хүлээн зөвшөөр”.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …