МҮЭХ: Татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна

Татварын багц хуулийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос орон даяар иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд удаа дараа санал хүргүүлж ажилласан боловч тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүргүүлсэн саналын ихэнх нь тусгагдаагүй байгаа юм. Татварын багц хуулийн төсөлд хүргүүлж байсан саналаа дахин Сангийн сайдад энэ оны зургаадугаар сарын 8-нд, харин УИХ-ын дарга, Төсвийн байнгын хороо, УИХ -дах намын бүлгүүдэд зургаадугаар сарын 12-нд өдөр тус тус хүргүүлсэн

.

МҮЭ-ийн холбооноос татварын багц хуульд олон талын ач холбогдолтой саналуудыг дэвшүүлж байгаа. Тэдгээр саналууд нь ажил хөдөлмөр эрхэлж цалин орлогоороо амьдарч байгаа 1.3 сая гаруй иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, хадгалах, баялгийн шударга хуваарилалт орлогын хэт ялгаатай байдлыг арилгах, чухал ач холбогдолтой саналууд юм.

Тиймээс МҮЭ-ийн холбоо татварын шинэчлэлийг зөв шударгаар хийхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна” гэв.

МҮЭХ дараах саналуудыг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулийн төсөлд тусгахыг шаардаж байгаа юм. Үүнд:

-Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлтийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу өрхийн гишүүнд ногдох амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоох
-“Хамтын гэрээний дагуу ажил олгогчоос олгож буй хоол, унаа, түлээ нүүрс, цахилгааны үнийн хөнгөлөлт, үзвэр үйлчилгээний олговор”;
-Өндөр өртөгтэй мэс засал хийлгэхтэй холбогдож, тухайн хүнд зориулсан хандивын тоглолт, бусад орлогоос олсон орлого”;
-“Соёл урлагийн байгууллагууд, спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудаас өгсөн 10 сая төгрөг хүртэлх хандив, түүнчлэн хөдөлмөрлөх эрх ашигтай холбогдох үйл ажиллагаанд зориулсан нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг шингээсэн цалингаас төвлөрүүлсэн гишүүнчлэлийн татварын шимтгэл”;
-“Хүүхдийн хадгаламжийн хуримтлалын орлого, өндөр насны тэтгэвэр авагчид төрөөс үзүүлж буй хувьцааны ногдол ашиг”;
-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэнтэй холбогдсон заалтад татварын хувь хэмжээг шатлалтай болгож, ялгаатай тогтоох, тухайлбал, 100 м.кв-аас бага бол 0,5 хувь; 100 м.кв-аас их бол 1,0 хувь гэх мэт;
-Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;
-Татварын хуулийн цоорхойг ашиглан их хэмжээний татвараас чөлөөлөгдөж байгааг зөв шударгаар ногдуулахыг шаардаж байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …