Эрдэнэт ойн босгон дээр техникээ шинэчилж байна

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон түүхт 40 жилийн ойгоо шинэ техник, авто машинтай угтлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  ойрын таван жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтын хүрээнд тус үйлдвэрт үе шаттай техникийн шинэчлэл хийгдэж байна. Өнгөрсөн онд  Ил уурхайд Комацу  275А маркийн гинжит бульдозар, Liebherr WA600 маркийн дугуйт ачигч, Ган бөмбөлөгийн цехэд ZL50F маркийн шанагат ачигч, Авто тээврийн байгууллагад Хьюндай маркийн зургаан ширхэг автобус тус тус шинээр авч, үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр техник технологийн шинэчлэлийн бодлогын хүрээнд дахин үйлдвэрлэлийн үндсэн цехүүд болох Авто тээврийн байгууллагад  Белаз-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван ширхэг автомашин, Баяжуулах үйлдвэрт Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн тээрэм, Хүдэр баяжуулах флот машиныг хүлээн авч, үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Шинэ техникүүдийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний удирдлагын багийхан, үйлдвэрлэлийн цехийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд оролцов. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчид, ажилтнууддаа Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ төрөлх үйлдвэрээ хөгжүүлэх, хуучирч, ашиглалтын хугацаа дууссан техник тоног төхөөрөмжөө өөрчлөн шинэчлэх ажлаа хамтын хүчээр амжилттай гүйцэтгэж байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийллээ. Ээлжит шинэчлэлийн ажлын шинэхэн машинуудаа  бид ойн баярын  босгон дээр хүлээн авч байгаа нь түүхэн үйл явдал болж байна хэмээн тэрээр нэмж онцолсон.

Хүдэр тээвэрлэх зориулалттай БелАЗ-75131 маркийн 130 тоннын даацтай өөрөө буулгагч гурван авто машины угсралт, тохируулгын ажлыг  Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийн хамт олон өөрсдийн хүчээр гүйцэтгэж, тээврийн ажилд хүлээлгэн өглөө.

Хүдэр нунтаглалтын 2 дугаар тээрэм шинэчлэгдлээ

            Баяжуулах үйлдвэрт хийгдэж буй нэгдүгээр шатны Хүдэр нунтаглалтын МЩЦ-5,5х6,5 маркийн 2 дугаар тээрмийн шинэчлэл, жилд 5 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулан хүчин чадалтай хам баяжуулалтын 1 дүгээр секцийн шинэчлэлийн ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар монтажийн цех, Барилга угсралтын цех, Засвар механикийн завод, Холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цех, Төслийн менежментийн алба хамтран гүйцэтгэж, ашиглалтанд оруулж байгаа аж.

Эрдэнэт үйлдвэрт 24 жил ашигласан хүдэр нунтаглах 2 дугаар тээрмийг шинэчлэн сольсноор хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн  үзүүлэлтийг дээшлүүлэх бол хам баяжуулалтын 1 дүгээр секцийн шинэчлэлийн үр дүнд хүдэр дэх металл авалтыг өсгөх, цахилгаан эрчим хүчийг бууруулах зэрэг олон эерэг өөрчлөлт гарах юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн техник, технологийн  шинэчлэл цаашид  Баяжуулах үйлдвэрт дараагийн тээрмийг солих ажлаар үргэлжилнэ. 2018 онд тус үйлдвэр 184 сая долларын өртөгтэй техник шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөжээ.  Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхт 40 жилийн ойн босгон дээр техникийн шинэчлэлийн зорилтоо бодитойгоор хэрэгжүүлж байна.

М.Балжинням

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …