100 айл дахь барилгын материалын захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэхээр болсон билээ. Тус захуудыг нүүлгэх ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.
-Бидний хэлдгээр 100 айл дахь барилгын материалын захуудыг нүүлгэх ажил энэ хавар эхэлсэн. Одоо ямар шатандаа явж байна вэ?
-100 айл дахь барилгын материалын захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил 2018 оны хоёрдугаар сараас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор НЗТГ, НЦГ болон прокурорын байгууллагатай хамтарч, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр, гадаа худалдаа эрхлэх, газраа зориулалтын бусаар ашигласан иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Одоогийн байдлаар 100 айл орчмын гудамжинд ямар ч барилгын материал ил задгай худалдаалагдахгүй байгаа. Бид захуудыг нүүлгэх ажлын эхний шат буюу ил задгай худалдаа эрхлэхийг зогсоосны дараа авто замыг өргөтгөх, нэгдсэн зогсоол хийх, эмх цэгцтэй болгохоо амласан байдаг. Гэвч тухайн зам тохижилтын, ногоон байгууламж сайжруулах ажлын санхүүжилт 2018 оны төсөвт суугаагүй. Яагаад гэвэл он гарснаас хойш төлөвлөгдөж, дэмжигдсэн ажил юм. Тиймээс 100 айл дахь барилгын захуудыг нүүлгэх, тохижилт бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх гарц гаргалгааг судалсан. Тухайлбал, төр хувийн байгууллага хамтарч ажиллах боломж нөхцөлийн талаар судалж, үр дүнтэй хэлцэлд хүрч байгаа. Иймд 100 айл орчмын тохижилтын ажлын зураг төслөө урьдчилсан байдлаар гаргаад байна.
-100 айл орчимд хийх тохижилтын ажлын зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан гэлээ. Тэгэхээр яг ямар ямар тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийх талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Уг ажлын хүрээнд дөрвөн урсгалтай 1.6 км авто замыг хийхээр төлөвлөж байна. Замынхаа хоёр талаар явган зорчигчийн болон дугуйн зам хийнэ. Өөрөөр хэлбэл, их тойруугийн дугуйн замын эхлэл тавигдаж байгаа гэсэн үг. Мөн Геронтологийн төвөөс хойш болон Иргэний бүртгэл мэдээллийн төвийн хойд талд газар чөлөөлөлт хийж, нийт 200-250 машины нэгдсэн авто зогсоол байгуулна. Ингэснээр хотын төвийн дэд бүтцийг орчин үеийн шинэлэг байдлаар шийдэх байгаа юм.
-Ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Гэхдээ худалдаа эрхлэгчид 100 айлаас бусад барилгын материалын захуудад бизнес хийх боломж нөхцөлөөр хэр хангаж байгаа вэ?
-100 айл орчмыг бохирдуулдаг, эмх цэгцгүй байдлын гол шалтгаан нь гадаа худалдаа эрхлэх байсан. Худалдаа эрхлэгчид барааныхаа 30 хувийг гадаа талбайд зарж, үлдсэн барааг дотор лангуун дээр борлуулдаг байсан юм. Тиймээс худалдаа эрхлэгчдэд дотор лангуун дээрээ бараа материалаа зарах шаардлагыг тавьж, үр дүнд хүрсэн. Харин ойрын үед бусад томоохон захуудын удирдлагуудтай уулзалт хийж, 100 айл дахь захуудад худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлттэйгөөр павильоноор хангаж өгөх хүсэлтийг тавьж байгаа. Уг саналыг зарим захууд хүлээж авч байгаа. Тэгэхээр 100 айл дахь захуудын худалдаа эрхлэгчид бусад захуудад түрээсийн хөнгөлөлттэйгөөр худалдаа эрхлэх боломжтой болж байгаа юм. Тухайлбал, лагерийн байшингаа засварлаж байгаа энэ үед Бэлх зах дээр хөнгөлөлтэй үнээр түрээсэлж, иргэдийг гарын доорх бараа материалаар хангах боломжийг 100 айл дахь худалдаа эрхлэгчдэд олгож байгаа гэсэн үг.
-100 айлын урд уулзвараас 32-ын тойргийн зам дагуу худалдаа эрхлэгчидтэй уулзана гэж байсан. Энэ ажил хэр нааштай байна вэ. Бизнес эрхлэгчид газраа чөлөөлөх тал дээр ямар байр суурьтай байх юм?
-Ажлын хэсэг 12 удаагийн хуралдаан хийсэн. Мөн таван удаа 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн. Зарим үед бизнес эрхлэгчид өөрсдийн саналаар ирж уулздаг. Ер нь худалдаа эрхлэгчид эрүүл аюулгүй ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэвэл дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.
-100 айл дахь барилгын материалын захуудыг нүүлгэж, тохижилтын ажлыг хийхэд нийтдээ хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардагдаж байна вэ?
-Урьдчилсан төсвөөр 3.5 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнд дөрвөн урсгалтай зам, ногоон байгууламж, авто зогсоол барих, захуудыг нүүлгэн шилжүүлэхээс эхлээд маш олон бүтээн байгуулалтын ажил багтаж байгаа.
-Хөрөнгийн асуудлыг шийдчихвэл 100 айл дахь барилгын материалын захууд гуравдугаар улиралдаа багтаж нүүнэ гэж ойлгож болох уу?
-Ажлын хэсгийн гол зоргилго нь 100 айл дахь барилгын зах орчмын эмх замбараагүй байдлыг цэгцлэх, эрүүл ахуйн хууль дүрэм зөрчиж байгаа байдлыг таслан зогсоох юм. Төрийн үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг газрууд барилгын захтай холилдоно гэдэг нь манай нийгмийн хөгжлийн согог болж байгаа хэрэг. Үүнийг засах ёстой. Тиймээс 100 айл дахь барилгын захуудыг нүүлгэх ажлын хүрээнд шинэ үйлчилгээний төв, орон сууц, оффис бариулах, цаашлаад нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд 100 айл орчмын долдугаар хорооллыг хөгжүүлж, цогц бүтээн байгуулалт хийх давхар зорилго тавьж байгаа. Ер нь 2020 хүртэл 100 айл орчимд барилгын материалын худалдаа эрхлэхтэй холбоотой зөрчлийг арилгаж, үйлдвэрүүд барьж, тухайн орчинд шинэ стандарт бий болгон дахин төлөвлөлтийн дагуу шинэ орон сууц, оффис, хорооллоо барьж байгуулах юм.
Эх сурвалж: itoim.mn