jCI эко салбар байгууллагын зүгээс өнөөдөр байгаль орчиндоо ээлтэй, эерэг өөрчлөлтөд хамтдаа нэгдэхийг олон нийт, залуучууддаа уриалан хэвлэлийн хурал зарлалаа.
Богд хан уулын эко системд өөрчлөлт орж, ой уcтаж, хурдтай доройтож байгаа тул ойг нэн даруй нөхөн cэргээх, хамгаалах шаардлагатай байгаа учир ийнхүү “JCI” эко салбар байгууллагын зүгээс Богд хан уулаа хамгаалах үндэсний аян, “Залуу ой” төслийг санаачилжээ. Төслийн хүрээнд маргааш Их тэнгэрийн амны зүүн талын энгэрт эхний ээлжийн тарьц суулгацаа суулгах аж.
“JCI” эко салбар байгууллагыг үүсгэн байгуулагч, “Эко” сангийн тэргүүн Т.Хасбаатар: Залуу хуш модон ой огт тоологдоогүй байгаа нь тун ноцтой асуудал
Монголчуудын шүтэж ирсэн байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Богдхан уулын нийт 22,129 га ойн талбайгаас 3 га газарт залуу шинсэн ой, 17 га талбайд гацуурхан ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй байгаа нь тун ноцтой асуудал. Манай төслийн зорилго нь Богд хан ууланд ойн шинэ төглийг бий болгох, хүний оролцоотойгоор байгалийн нөхөн сэргээх процессыг хурдасгах зорилготой юм. Төслөө хийхээсээ өмнө өргөн хүрээнд судалгаа явуулсан байгаа. Манай Улаанбаатар хот өвлийн улиралдаа маш их утаатай байдаг. Тэгэхээр энэ утаанд энэ сайхан байгалийн үзэсгэлэнт газар маань хүн ардтайгаа хамт хэлмэгдэж, нэрвэгдэж байна гэдгийг статистик, тоон үзүүлэлтүүдээс харагдаж байгаа юм. Хамгийн ноцтой асуудал нь Богд хан ууланд байгаа залуу ойн нөхөн сэргээлт бараг зогссон гэж хэлэхэд хилсдэхгүй болжээ. Тиймээс бид одоо цаг алдалгүй Богд уулаа нөхөн сэргээж, залуу ойг өөрийн чадвараараа ургахад нь нөлөө үзүүлэхийг олон нийтийг, нийт монгол түмнээ уриалж байгаа юм. НҮБ-ын байгаль орчны сан, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчны яам, Дархан цаазат Богд хан уулын захиргаа Гандантэгчилэн хийд зэрэг олон байгууллага манай төслийг дэмжиж ажиллаж байна. Богд хан уулаа хамгаалах ажил бол бидний үеийн үед хийж байх ажил юм. Манай төсөл бүх хүний өмнө нээлттэй байгаа. Бидэнтэй нэгдээд хамтарч ажиллаж болно” гэв.
Мөн Дархан цаазат Богдхан ууланд залуу ойн нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаагаас цөлжилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иймээс залуу ойг нэмэгдүүлэх, дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, нөхөн сэргээх зорилготой. Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар болох Богдхан ууланд залуу ойн төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг нэгдэхийг Жэй Си Ай Эко салбар байгууллагын зүгээс уриаллаа.
JCI байгууллага манай улсад 1992 онд байгуулагдсан цагаасаа олон нийтийг сайн зүйлд уриалж, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. “Залуу ой” төсөл ч бас нийгмийг сайн сайхан зүйл рүү уриалах, хамтдаа нэгдэх сайхан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.