Сайн байдал, сэтгэлийн тухай сургаал
Сократ Грекийн философичдоос анхлан бие сэтгэлийн харьцааны тухай асуудлыг дэвшүүлэн тавьсан сэтгэгч юм. Мөн Сократ өөрийн биеэ хайрлаж санаа тавихыг үгүйсгээгүй, хоол ундаа тааруулж хэрэглэхийг сануулж байсан юм. Эцэст нь сэтгэлийн /сүнсний/ тухай Сократын ойлголт шашны ойлголттой бас холбогдож байсныг нэмж хэлэх хэрэгтэй.
Ёс зүйн тухай сургаал
Сократ: “Хэн ч сайн дураараа шудрага бус юм хийдгүй, харин тийм явдал гаргасан бол өөрөө мэдэлгүй тэгсэн хэрэг. Үүнтэй холбогдуулж Сократ ганц хүслээр шудрага бус муу юмнаас зайлахад хэцүү, хүслээс гадна” ямар нэг хүч, ур чадвар, сургалт практик, бие сэтгэлийн хүмүүжил хэрэгтэй гэсэн санааг өгүүлсэн байдаг. Тэрний энэ санааг Аристотель “хүн сайн зүйлийг мэддэг атлаа, муу юм хийдэг явдал буй. Өөрийн явдлын муу хор уршгийг мэдсээр байж, уруу татагдаж шунал тачаалд автагдах нь бий” гэж шүүмжилсэн байдаг.
Хэлсэн үг, номлол
- Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
- Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон арга байдаг юм бэ дээ?
- Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
- Муу хүн өөрт нь огт ашиг тус өгөхгүй байлаа ч, бусдад муу юм хийдэг.
- Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
- Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол гоо сайханаа илүү зүйлээр гутаахгүй байхыг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засаж залруулах хэрэгтэй.
- Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг донгио явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
- Барималч чулууг хүнтэй төстэй хэлбэр дүрсэд оруулах гэж байдгаараа хичээн балбадаг хэдий ч өөрөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгийг огт тунгааж үздэггүй нь хачирхалтай хэрэг шүү.
- Хоньчин хүн хотон дахь хоньныхоо тоог яг таг хэлж чаддаг нь гайхалтай. Харин хэдэн найзтайгаа хэлж чаддаггүй. Найз нөхөд гэдэг ийм л үнэ цэнэгүй зүйл ажээ.
- Хэдийгээр бүх юм жижиг сажиг. аар саар зүйлээс эхэлдэг ч, аливааг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар явдал биш.
- Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
- Аятайхан хувцаслахыг хичээ. Гэхдээ хэтэрхий бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Харин ганган байх нь гэдэг илүүц зүйл.
- Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурханлаг чанар. Амьдралд тийм ч олон зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь аз жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
- Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян.
- Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
- Сайн мууг ялгана гэдэг дээд ухаан.
- Төр засаг л хүнийг төлөвшүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг будлиантай хүмүүсийг буй болгодог.
- Найз нөхдөөсөө үргэлж үнэлж бай. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
- Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аятайхан тусмаа аюултай үйлчилдэг хор юм.
- Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
- Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
- Сэтгэлийг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
- Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би дасгал хийдэг.
Үхэл
Тэр үеийн грекийн шүүх 3 үе шатыг дамждаг байсан. Нэгт нь нийт танхимын хүмүүсээс санал авдаг, хоёрт нь шүүгч цаазлах шийдвэрээ гаргах, гуравт нь шүүгдэгч өөрөө ялыг яаж гүйцэлдүүлэхээ сонгох. Мөн өмгөөллийн үг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь шүүгчийн өмнө өөрийгөө өмгөөлсөн үг, дараагийнх нь шийдвэр гарсаны дараа хэлсэн үг. МЭӨ 399 оны хавар Сократыг жирийн иргэний амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэмээн ялласан юм. Сократын хувьд шүүх хуралд оролцохгүй зүгээр л Афинаас явахад хангалттай байсан байна. Учир нь түүнийг алах гэж улайрсан хүн бараг байгаагүй байна.
Гэхдээ л шүүх түүнийг “Сократыг хот даяараа шүтэн дагадаг, тэр бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой” хэмээн буруутгасан байдаг.
Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан. Шүүх хурлын эхний хэсэгт нь Сократ урьдын болон тухайн үеийн зэмлэн буруутгагчдын талаар үг хэлжээ. Мөн хүнийг сурган хүмүүжүүлэх ёстой гэсэн ч багш яваагүй гэдгээ хэлжээ. Хоёр дах хэсэгт тэрээр шүүх хурал дээр яллагдагч биш, харин материаллаг баялгаас оюуны баялгийг илүү дээдлэхийг уриалсан номлогчийн дүрээр үг хэлсэн гэдэг. Харин гуравдахь хэсэг нь шүүгчид найз нөхөддөө хандсан үг байсан байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар уран зохиолын үг болохоос биш, түүхэн баримт биш хэмээн үздэг байна. Гэхдээ сүүлчийн үг нь “Би амьд үлдсэнээс ингэж хамгаалж байгаад үхсэн нь дээр”, “Би цаазлуулхаар болж эндээс явж байна, харин намайг яллагчид хорт явдал, шудрага бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна…” гэж хэлсэн байна.
Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлах нь зүйтэй гэсэн санал өгчээ. Ийм цөөхөн хүний зөрүүтэйгээр тэрнийг буруутгасан нь түүнийг үнэхээр их гайхшруулсан гэдэг. Уг нь шүүхийн шийдвэр гармагц цаазыг гүйцэтгэдэг ёс байсан ч энэ удаад Сократыг цаазлан хороохыг 30 хоногоор хойшлуулжээ. Учир нь Афинчууд Крит арал дээр минотавр мангасыг даран сөнөөж Критийн хаан Миност төлөх гувчуур төлөөснөөс ангижруулснаас хойш Апполон тэнгэрт Тезей хааны өргөсөн тангаргыг биелүүлж бэлэг сэлт тээсэн ариун хөлөг онгоцыг Делос арал дахь Аполлоны сүм рүү жил бүр илгээдэг заншилтай байсан бөгөөд тийнхүү ариун элч нар одсон өдрөөс Афинд эргэж иртэл нь цаазын ял гүйцэтгэхийг хориглодог байжээ. Ийнхүү хойшлогдож байх үед нь найз нөхөд нь оргуулахаар завдсан ч андынхаа үгэнд оролгүй, эх орныхоо хууль ёсонд үнэнч үлдэж оргохыг зөвшөөрөөгүй байна. Энэ шийдвэрийн шалтгаан нь “…шудрага бус явдалд бас шудрага бусаар хариулт өгөх хэрэггүй” гэсэн түүний философийн баримтлал байсан болов уу.
Цааз гүйцэтгэх өдөр Сократ нар шингэхийг ч хүлээлгүй, өөртөө хор авчирч өгөхийг хүсжээ. Аягатай хорыг маш тайванаар амархан ууж дуусган таалал төгссөн байна. Сократыг нас барсны дараа Афинд бий болсон улс төрийн дарамтлалын улмаас Платон болон философчийг дагалдагч зарим хүмүүс Афинаас явахад хүрчээ. Хэдэн жилийн хойно түүний шавь нар Афинд эргэн ирж түүний талаар болон философийнх нь талаар олон зүйлийг бичиж үлдээсэн байна.
Сократыг өөд болсоны дараа Афинчууд нүглээ наминчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн тухай, хууч яриа бий болжээ. Философичийн үхэл ойлгомжгүй битүүлэг хэрэг. Гэхдээ амиа хорлосон ч биш, шүүхийн алдаа ч гэж хэлмээргүй явдал юм. Шүүх дээр Сократын баримталсан байр суурь бол түүний чин сэтгэл, оюун ухааны зарлигийг дагах ёстой гэсэн ёс зүй-гүн ухааны үзэлтэй нь нягт холбоотой. Тэрээр өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй “унтаж” дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг байжээ. Философио орхих уу, эсвэл үхлээс айн амьд үлдэх үү гэдэг асуудал түүнд тулгарчээ. Өөрийн үзэл санаанаас няцна гэдэг түүний хувьд амьдралаас, мөн түүний утга санаанаас ухарна гэсэн үг байжээ. Тийм ч учраас тэрээр үхлийг сонгожээ.
Үхэхийнхээ өмнө тэрээр өөрийнх нь дотор үргэлж дуу хоолой оршин байдаг байсан. Тэрхүү дуу хоолой түүнд юу хийх ёстойг хэлдэг байсан гэж тэмдэглэжээ.