Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлжээ.
Өнгөрсөн онд 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас хориотой эмийн бодис илэрсэн байдаг. Улмаар улсын баяр наадамд барилдах эрхийг нь хассан тухай Бөхийн холбооноос мэдэгдэж байсан юм. Гэвч шүүхээс Ө.Бат-Орших, Э.Даш нарыг допинг хэрэглээгүй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.
Харин энэ удаад Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээсэн шинжилгээнд хамрагдсан 12 бөхөөс хоёр бөх допинг хэрэглэсэн гэсэн хариу иржээ. Ингэхдээ аймгийн арслан Б.Гончигтавхайгаас хориотой эмийн бодис илэрсэн гэж үзсэн байна.
Харин улсын заан Б.Соронзонболд допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир дүрмийн дагуу допинг хэрэглэсэнд тооцжээ. Улмаар Монголын чөлөөт бөхийн холбооноос улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нарын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлээд байгаа юм байна. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн дүрмийн 10.12.1-д заасны дагуу допингийн төрлийн хориотой бодис илэрсэн тамирчид бусад төрлийн спортын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй байдаг ажээ.