“Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт 2018 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно. Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилготой наадам юм.
Энэ үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр” шалгаруулж, цом, мөнгөн шагналаар урамшуулах аж.
Шилдгийг шалгаруулахад тавигдах шаардлагууд:
Шалгаруулалтад оролцох байгууллага, иргэд тус бүр нэгээс доошгүй хөхүүрт исгэсэн айрагтай ирэх ба оролцогч нь хөхүүрт айраг исгэж, хэрэглэдэг арга ухаанаараа нутаг усандаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, уламжлалт арга ухаанаа үр хүүхэд, нутаг усныхан, залуучуудад өвлөн уламжлуулсан байдал зэргийг харгалзан үзнэ.
Оролцогчдын гэр нь өнгө үзэмж сайтай, дотроо бүрэн тавилгатай, тохижуулсан байх ба өөрийн өв соёл, уламжлалыг харуулсан айрагны хөхүүр, бүлүүр, борви, хул, модон хувин, хөхүүрийн хараа, хөхүүрийн өлгүүр гэх мэт соёлын өвд багтах эд хэрэгслүүдээс бүрдэхээс гадна гэрээ хаягжуулсан байна.
Мөн гэртээ хөхүүрийн айрагтай холбоотой язгуур урлаг, зан үйлийн үзүүлбэр, уламжлалт дэг ёсыг өвлөн уламжилсан байдал, тухайн нутгийн найрын дэг ёсны дагуу айрагны тухай ерөөл, магтаал, түрлэг оруулан дуулж буй байдал, мөн айргаар дайлах соёл, ёсолгоо, хувцаслалт, айраг исгэх, бүлэх зэргийг шалгаруулалтад анхаарч үзнэ.
“Хөхүүрийн айраг” наадмыг МҮОНТ-ийн явуулын баг газар дээрээс нь сурвалжилж, бөхийн барилдаан, хурдан морьны уралдаан, сур харвааны шууд дамжуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.