Тархиа сэргээмээр байна уу? Оюуны эрч хүч, анхаарал төвлөрүүлэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд та зөв цагт, зөв хооллох ёстой.
Таны идэж буй хоол хүнс оюуны эрч хүч, чадварт тань хэрхэн нөлөөлдөг вэ?
Оюуны эрч хүч гэж чухам юу юм бэ? Оюуны эрч хүч нь үнэн хэрэгтээ хэд хэдэн онцлогтой. Үүнд таны сэтгэл санааны ерөнхий байдал, сэдэл тэмүүлэл, анхаарал, анхаарал төвлөрөл орно. Хэрэв таны оюуны эрч хүч нэмэгдсэн бол таны идэж буй хоол хүнс түүнд нөлөөлсөн байх магадлалтай. Тиймээс доор өгүүлэх зүйлийг тунгаан, өөрийн идсэн зүйлдээ анхаарал хандуулаарай.
Бүхэл өдрийн туршид оюуны эрч хүчээ хадгалахын тулд юу идвэл зохистой вэ?
– Нүүрс ус тархийг цэнэглэдэг
Хүний тархины эд эсийн гол тэжээл нь глюкоз юм. Глюкоз нь таны хоол хүнсэн дэх нүүрс уснаас гаралтай. Хоол боловсруулах явцад нүүрс ус задарч глюкоз болж, цусанд нэвтэрдэг (“цусан дахь сахар”).
Нэгэнт таны тархи 24/7 ажиллаж байдаг учир түүнд эрч хүч ихээхэн шаардлагатай. Үнэндээ бусад эд эсээс илүү таны биед нэн хэрэгцээтэй хүчин зүйл юм. Тархины эд эс болох нейрон нь глюкозыг хадгалж чаддаггүй тул тархинд глюкозыг тасралтгүй нийлүүлж байх хэрэгцээ тулгардаг. Тархинд хэрэгцээтэй тэжээлийг нь өгөхийн тулд жимс, хүнсний ногоо, бүхэл үр гэх мэт эрүүл нүүрс усыг хэрэглээрэй. Эдгээр эслэг ихтэй хоол хүнс нь удаан шингэдэг тул таны биед глюкозыг аажмаар ялгаруулна гэсэн үг. Нөгөө талаас цардуул болон сахар ихтэй, боловсруулсан нүүрс усаар баялаг хоол хүнс сөрөг нөлөө үзүүлж болно. Эдгээр хоол хүнс нь хурдан шингэдэг тул таны цусан дахь сахарын хэмжээг хурдацтай нэмэгдүүлнэ. Ингэж хурдацтай нэмэгдсэн цусан дахь сахарын хэмжээ удахгүй маш хурдан буурдаг. Ийнхүү цусан дахь сахарын хэмжээ “унаснаар” таны оюуны чадавхи буурдаг байна.
– Таны тархинд тэжээл тогтмол цагаар хэрэгтэй
Нэгэнт тархинд глюкозын тогтвортой эх үүсвэр шаардлагатай тул оюуны эрч хүчээ алдахгүйн тулд өдрийн туршид тогтмол цагаар хооллох нь чухал. Өдөрт 3-4 цагийн зайтай бага хэмжээний хоол болон зууш идэхийг хичээ.
– Таны тархинд өглөөний хоол хэрэгтэй
Өглөөний хоолны ач холбогдлын тухай ярих зүйл хангалттай их бий. Тархиа цэнэглэх нь өглөө хооллох бас нэг шалтгаан. Таныг унтаж байх хооронд тархи тань завгүй ажиллаж, шөнийн туршид их хэмжээний тэжээл хэрэглэдэг тул өглөө босоход таны эрч хүчний “банк” үндсэндээ шавхагдсан байдаг. Эрүүл нүүрс ус болон уураг агуулсан тэнцвэржүүлсэн өглөөний хоол идэж тархиндаа тус болох үйл хийгээрэй.
– Тархинд хамгийн сайн уураг
Тархи уургийг шууд тэжээл болгож хэрэглэдэггүй ч таны идэж буй уурагнаас гаралтай амин хүчлийг тархины чухал нейро дамжуулагчийг үйлдвэрлэхэд ашигладаг. Жишээлбэл: Тирозин гэх амин хүчил (шувууны мах, загас, сүүн бүтээгдэхүүн, самар, буурцаг зэрэгт агуулагддаг) нь сэргэг байдал, тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг допамин хэмээх нэртэй тархины нейро дамжуулагчийг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг. Харин триптофан хэмээх амин хүчил (далайн бүтээгдэхүүн, шувууны мах, сүүн бүтээгдэхүүн, шар буурцгийн шош зэрэгт агуулагддаг) нь амар тайван, сэтгэл хангалуун мэдрэмжийг төрүүлдэг серотонин гэгддэг тархины өөр нэгэн нейро дамжуулагчийг үйлдвэрлэхэд ашиглагддаг байна.
– Тархинд хамгийн сайн ундааны зүйлс
Хэрэв биед тань шингэн дутагдвал таны сэтгэл санааны байдал болон эрч хүчинд нөлөөлнө. Бага зэрэг шингэн дутагдсанаар сэргэг байдал буурч, анхаарал төвлөрүүлэх чадвар суларч, ам цангах мэдрэмж төрөх ба энэ үед оюуны эрч хүч хэдийнээ туйлдсан байдаг.
Ус үргэлж номер нэг сонголт байдаг ч кофе болон цайг зохих хэмжээгээр хэрэглэхэд гэмгүй. Кафейн агуулсан уух зүйлс нь анхаарлаа төвлөрүүлэхэд тустай ч хэтрүүлэхээс болгоомжлоорой. Өдрийг эрч хүчээ алдалгүй өнгөрөөхийн тулд хоол ундаа үл хайхарч, дан ганц кафейнд найдаж болохгүй. Шингэнийг зохих хэмжээгээр хэрэглэж, зөв хооллох нь чухал. Мөн хэрэглэж буй кафейн тань танд хэрхэн нөлөөлж байгааг хянаж байгаарай. Хэрэв тогтворгүй, тайван бус болж шөнө унтахгүй байвал хэрэглэж буй кафейныхаа хэмжээг багасгахын дохио юм. Тархиа сэргээх зорилгоор өдрийн кафейн хэрэглэх нь шөнийн нойроо сайн авахад саад болж болзошгүй тул тохируулан хэрэглээрэй.