Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар дөрөвдэх өдрөө Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.

Дүгнэлт хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар удирдаж явуулж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, “Хуралдаанд Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш зохион байгуулагдаж буй хоёрдахь удаагийн энэхүү хуралдаан нь “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд дүгнэлт мониторинг хийх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ болж байна” хэмээн онцлон дурдлаа.

Бага хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3,000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” зэрэг бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусгуулаад байна.
Хуралдааны үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн талаар оролцогч талуудад танилцуулсан юм.

Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирард “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020 үйл ажиллагааны төлөвлөгөө“ Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын төлөөлөгчид “Оролцогч талуудын мэдэгдэл“ баримт бичгүүдийн талаар тус тус танилцуулга хийлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах дээрх баримт бичгүүдийг баталснаар бүс нутгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдэд гамшгийн эрсдэлийг тооцож, бууруулах бодлогын олон арга замыг тодорхойлох боломж бүрдэх юм.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн хүрээ хөтөлбөр”-ийн тавдугаар зорилтын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтыг дэмжих, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгоно.

Эх сурвалж: ОБЕГ

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …