Он гарсаар хоолны хордлого халдварын 10 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иргэд зуны улиралд амралт зугаалгаар явахдаа хоол хүнсний асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай гэдгийг дээрх тохиолдлууд харуулж байна. Ялангуяа түргэн гэмтэж мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг горимийн дагуу тээвэрлээгүйгээс муудах, улмаар хордлого халдвар гарах гол нөхцөл бүрддэг. Тиймээс МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хоолны хордлого, халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөж байна.
Иргэд хөргүүрт хадгалах ёстой хиам, махан бүтээгдэхүүнийг шууд машиндаа, суудлын тэрэгнийхээ тээшинд хийж 24 цаг явахад л тухайн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим апдагдаж муудаад хордлого халдвар гарах нөхцлийг бүрдүүлдэг. Баяр наадам болж байгаатай холбогдуулж иргэд, хүнсний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүний шошгонд заасан нөхцөлд хадгалагдаж байгаа эсэхийг нь шалгаж, сонгох хэрэгтэй. Мөн ямар нэгэн зөвшөөрөлгүй, ил задгай, гар дээрээс худалдаа хийж буй иргэдээс хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөж байна. Хэдийгээр хяналтын байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа ч завсар зайгаар нь хаана, хэзээ хийсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг үзлэгт хамрагдаагүй иргэн гар дээрээс худалдан борлуулах явдал гардаг. Тэгэхээр гар дээрээс, зөвшөөрөлгүй, ил задгай худалдаанаас хоол хүнс худалдаж авахгүй байхыг иргэдэд анхааруулмаар байна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй үйлчилгээ явуулж буй газрууд нь зөвшөөрлөө иргэдэд ил харагдахаар байршуулах хэрэгтэй. Иргэд ч мөн адил шаардах эрхтэй. Энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх орчимд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажиллуулахаар зөвшөөрөл олгосон. Өөрөөр хэлбэл, хоол үйлдвэрлэл үйлчилгээ тогтмол эрхэлдэг, туршлагатай газруудыг сонгосон гэсэн үг.
Мөн амралт зугаалга, баяр ёслолын үеэр хоол хүнстэй холбоотой халдварын бус гаралтай өвчлөлүүд нэмэгддэг. Шарсан, хуурсан, өөхтэй шорлог, хорхог, идээд дээрээс нь хүйтэн ундаа уудаг, архи дарс нэмж хэрэглэдэг. Үүнээс болж хоол боловсруулах замын хурц үрэвсэлт өвчнүүд үүсэх, нойр булчирхай, цөс өвдөх зэрэг эмгэг их тохиолддог. Энэ хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс улбаалж эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байдаг. Тиймээс шарсан хуурсан, өөх тостой хоол идсэний дараа аль болох хүйтэн ус, ундаа уухгүй байх нь энэ эмгэгээс сэргийлж байгаа юм.
Зуны улирал, баяр наадмын өдрүүдэд хэт халалт, наршилтаас урьдчилан сэргийлж нарны малгай, шүхэр хаалт хэрэглэх хэрэгтэй. Мөн даралт ихсэж болзошгүй тул аль болох сүүдэр, сэрүүн газар байж хоол хүнсний бүтээгдэхүүнээ зөв зохистой сонгон хэрэглэж ая тухтай амарч, аялаарай.