Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учраад байна. Үерийн улмаас хамгийн их гамшигт өртсөн аймаг бол Баян-Өлгий аймаг. Тиймээс Улсын онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн иргэдэд улсын нөөцөөс таван ханатай гэр 80, бохирын машин, ус зөөвөрлөх машин болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашиныг гаргахыг Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнээс гадна Монгол улаан загалмай нийгэмлэгээс гамшигт өртсөн аймгуудад нийт 283 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр бэлэн болсон бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн орон нутагт хүргэж эхлүүлэх гэнэ.
Тус аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэд /1636 хүүхэд, 159 өндөр настан, 123 хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ гамшигт нэрвэгдсэн. Мөн энэ үеэр гурван иргэн хүнд бэртэж, 220 гаруй өрхийн 1560 орчим иргэний аюулгүй газар буюу Ховд их сургууль, бусад сургуулийн дотуур байр, цэцэрлэг зэрэг найман байрлалд 670 орчим иргэнийг түр хоргодох байраар хангаж, 60 орчим өрхийн нүүлгэн шилжүүлж, 5,1 км үерийн далан босгож, хоол, хүнс ханган ажиллаж байна.