Эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгавар өгөв

Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдсан байна.

Энэ үеэр нийслэл хотод үерийн улмаас гудамж зам талбай, гэр хорооллын айл өрхүүдийн ариун цэвэр /жорлон/-ийн бохир хальж орчныг бохирдол үүссэн эсэхийг шалгаж, эрүүл ахуйн ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Мөн:

-авто замын доогуурх ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах,
шаардлагатай авто замуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах,
-нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй айл өрхийн судалгааг гаргаж дүүргүүдэд хүргүүлэн нүүлгэх ажлыг зохион байгуулах,
-үерийн улмаас авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хуримтлагдсан лаг шавар, хогийг бүрэн цэвэрлэж орчны бохирдлыг арилгах,
-цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өргөн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлан хүргэх зэрэг үүргийг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Мөн дүүргийн Засаг дарга нарт 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Онцгой комиссын хуралдаанд өгсөн үүргийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …