Эрчүүд сайхан хүүхний төлөө эхнэрээ хаяж явдаггүй. Гэхдээ тэд илүү сонирхолтой нэгний төлөө эхнэрээ хаядаг. Эрчүүдэд өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй эмэгтэйчүүд таалагддаг ба таалагдсан эмэгтэйнхээ араас гүйж, халамжилж, өөрийн болгох дуртай хүмүүс. Өөрийн хүссэнээр амьдарч байгаа эмэгтэйг хараад тэд гайхан биширдэг. Энэ түүнд сонирхолтой санагдана. Эрэгтэй хүн эмэгтэй хүний өөртөө итгэлтэй байдлын үнэрээр шиншилж, анд гардаг гэнэ.
Тэгвэл чухам ямар зан чанарыг өөртөө цогцлоосон эмэгтэйчүүд эсрэгхүйстнийхээ сонирхлыг мөнхөд татаж амьдардаг вэ:
1. Өөрийн гэсэн үзэл бодолтой
Эмэгтэйчүүдийн санал, бодлыг асуудаг ч үгүй байсан цаг үе ард хоцорчээ. Одоо үед эрчүүд эхнэрийнхээ бодлыг асууж, хамтран шийдвэр гаргадаг болсон. Ухаалаг эмэгтэй эрчүүдэд маш тачаангуй санагддаг гэнэ шүү. Иймд эмэгтэй Та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс бүү эмээгээрэй.
2. Үнэ цэнээ мэддэг
Та өөрийгөө хөгжүүлэхийн тулд маш их хичээсэн нь гарцаагүй. Иймд өөрийн мэдлэг, хүч чадлаа илэрхийлэхээс бүү санаа зов. Мэдээж онгирох хэрэггүй, хайртай хүн чинь таны өрсөлдөгч биш шүү дээ. Гэхдээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Биеэ авч явж байгаа байдал, эрэгтэй хүнтэй хэрхэн харьцаж байгаа зэргээс таны дотоод бие хүн чинь илэрхий болно. Эрэгтэй хүмүүс чин сэтгэлээсээ ярьж, бусдыг сонсож чаддаг эмэгтэйд дуртай байдаг. Эрчүүд эмэгтэй хүнтэй өрсөлдөх дургүй хүмүүс.
3. Өөрийн гэсэн сонирхол, хоббитой
Эрэгтэйчүүдэд хайр сэтгэлээс гадуурх өөрийн гэсэн амьдралтай эмэгтэйчүүд таалагддаг. Хайртай хүн чинь Танд дуртай зүйлээ хийх, хоббиндоо хөтлөгдөн чөлөөтэй амьдрах боломж, эрх чөлөөг олгодог бол Танд маш их итгэдэг, Таныг хувь хүн гэж хүлээж авдаг гэсэн үг. Ингэснээр харин ч түүний сонирхол хөдөлж, Таныг шинээр таньж, Танд дахин дурлах болно.
4. Магтаал сонсож, бусдыг магтаж чаддаг
Эрчүүд магтаал хэлэх дуртай ба хариуд нь сайхан инээмсэглэлийг хүлээж байдаг. Иймд Та харилцаагаа хэвээр нь хадгалахыг хүсэж байвал магтаалыг нь талархан хүлээн авч байгаарай.
Эрчүүд мөн магтаал сонсох дуртай байдаг тул хайртай хүндээ ямар сайхан харагдаж байгаа, тэр Таны хувьд ямар чухал, үнэ цэнэтэй хүн болох, түүнтэй байхад амьдрал ямар их гэрэл гэгээгээр дүүрдэг тухай хэлээрэй.
5. Өөртөө арчаатай
Бүхий л талаараа өөртөө арчаатай байх хэрэгтэй. Гадаад царай, төрх чухал биш гэж бид хэчнээн ярьдаг ч гэлээ яг үнэндээ чухал шүү. Та байгалиас заяасан тормолзсон нүд, гоолиг биетэй биш ч гэлээ өөрийгөө арчилж тордон цэвэр, цэмцгэр, нүдэнд дулаахан харагдаж болно шүү дээ.
Эрэгтэй хүнд эмэгтэй хүний дотор, гаднагүй бүх зүйл чухал, сонирхолтой байдаг. Бүх шинж чанар нь бүрдсэн эмэгтэй эрэгтэй хүний бие, сэтгэл, ухаан 3-ыг эзэмдэж чадна.Та өөрөө өөртөө сонирхолтой байж гэмээн эрэгтэй хүний сонирхлыг татна.