“Хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа.
-“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Ийм эрхийг хэн, хаанаас өгдөг юм бол?
-Бидэнд өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд цацагдсан энэ мэдээлэлд хоёр төрлийн залруулга хиймээр байна. Нэгт, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд хусан ойг цэвэрлэж, өмхөрч, хатсан чанар муутай моддыг гаргаж ирээд түлшний зориулалтаар ашигладаг. Хоёрт, яамнаас ямар нэг аж ахуйн нэгжид мод бэлтгэх зөвшөөрөл өгдөггүй. Яам зөвхөн тухайн аймгаас бэлтгэх модны дээд хэмжээг тогтоож өгдөг. Орон нутгийн иргэдийн хурал аль аль аж ахуйн нэгж, ямар чиглэлээр, хэдий хэмжээний мод бэлтгэх тухай зөвшөөрлийг олгодог.
-Тэгэхээр яамны зүгээс “Нармон” ХХК-д хусан ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй гэж ойлгож болох уу?
-Манай яамнаас жил бүр ойн тухай хуулийн дагуу аймаг нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг тогтоож өгдөг. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгаас 207,4 мянган метр.куб мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоож өгсөн байгаа. Үүний 22.8 метр.кубыг хусан ойгоос цэвэрлэгээний журмаар бэлтгэх ёстой. Цэвэрлэгээний арга гэдэг нь зөвхөн унасан моддыг гаргаж ирнэ гэсэн үг. Энэ заасан хязгаарт багтаагаад аймгийн иргэдийн хурал болон сумын иргэдийн хурал аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг. Манай ойн мэргэжлийн байгууллагын мэдээллийн санд ойгоос мод бэлтгэх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагын жагсаалтад “Нармон” ХХК гэдэг нэр байхгүй байна.
-Мандал сумын Засаг дарга ойн нөхөрлөлүүдтэй хусан нүүрс гаргаж авах аман гэрээ хийсэн гэдэг мэдээлэл байна. Хэрэв ийм байвал тухайн компани хусан нүүрс гаргаж авах боломжтой юу?
-Эрх зүйн орчин бүрдсэн гэж хэлж болно. Хус модоор хусны нүүрс хийдэг технологи бий. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулах, ямар нэг хэмжээгээр аймгийн төвийг эсвэл Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийг дулаацуулах, халаалтанд хэрэглэх хэмжээний их нүүрс бэлтгэх боломжгүй. Ер нь хусны нүүрсийг дархан хүмүүс металл хайлуулахад, хоолны газрууд шорлог, мах шарахад хэрэглэдэг. Яамны зүгээс “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд ойгоос бэлдэж гаргаж байгаа өмхөрч, хатсан чанар муутай моддыг буталж цавчдас, үртэс болгоод шахмал түлш бэлтгэх, үүнийгээ утааг бууруулах чиглэлд ашиглаж болох юм гэсэн ерөнхий чиглэл барьж байгаа. Яг хусны нүүрсээр айл өрх гэрээ халаадаг ямар технологи байдгийг бид сайн мэдэхгүй байна.
“МОД, ОЙ ШАТААЖ САЙЖРУУЛСАН ТҮЛШ БЭЛТГЭХ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ”
Ирэх оны тавдугаар сарын 15-наас нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Тэгвэл сайжруулсан түлшний хэрэглээг хэрхэн хангах талаар БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэгээс тодруулахад,
“Агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлш төсөл хэрэгжиж байгаа юу гэвэл тийм. Гэхдээ хусан ойг шатааж уу гэвэл үгүй.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт нийтдээ 202 мянган өрх амьдардаг. Тэдний жилийн нүүрсний хэрэглээ 1.2 сая тонн юм. Энэ түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр орлуулахад 600 гаруй мянган тонн сайжруулсан түлш орно гэсэн тооцоо байдаг. Ийм хэмжээний түлшийг ой шатаагаад нөхнө гэдэг ямар ч эрүүл хүн итгэхээргүй тоо байгаа биз дээ. 600 мянган тонн түлшийг сайн чанарын нүүрсийг ашиглаж, хийхээр төлөвлөж байгаагаас бус ямарваа нэгэн мод, ой шатааж бэлтгэх зүйл огт байхгүй. Яаж ч бодсон манайд тийм ойн нөөц, тийм арчаагүй, сэтгэлгүй бодлого хоёр байхгүй гэдгийг энд онцолмоор байна.
Бид юугаар баян юм бэ? Нүүрсээр баян. Байгаль дээр үндсэндээ гурван төрлийн нүүрс байгаа гэж ойлгож болно. Хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит. Бидний хамгийн их түлж, хамгийн ихээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа нүүрс бол хүрэн нүүрс буюу хамгийн залуу нүүрс. Ирэх оны тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсан байгаа. 2018 он бол бидний түүхий нүүрсийг хэрэглээнээс халахад бэлтгэх жил юм. Энэ нь түүхий нүүрсний оронд ямар нэгэн ойг шатааж бэлтгэх гэсэн үг огт биш. Бид сайжруулсан шахмал түлшийг дэгдэмхий бага, үнслэг, чийглэг нь зохих хэмжээнд байх стандартын нормыг хангасан сайн чанарын нүүрснээс бэлтгэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ