Н.Орчлон: Үнэртэй усаа ажиллаж буй орчиндоо зохицуулж сонгох хэрэгтэй

Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб”-ыг үүсгэн байгуулагч, Голландын Гааг хотод Олон улсын эрүүгийн шүүхэд 12 жил өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлонтой 2017 оны 12 сар 21-нд ярилцсан ярилцлагын хэсгээс товчлон хүргэж байна.Тэрбээр одоогоор Улаанбаатар хотод амралтаараа ирсэн бөгөөд “Үнэртэй усанд дурлагсдын клуб” группийнхээ гишүүдэд болон гудамжаар явж байгаа хүмүүст үнэртэн бэлэглэх ажил өрнүүлж байгаа байгаа билээ.

 


-Өглөөний мэнд, Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таныг манай клубынхэн / Үнэртэй усанд дурлагсдын клуб”/ өвөө гэж хочилдог юм билээ. Энэ ямар учиртай хоч вэ?

– Өвөө гэж дуудуулах эх сууриа би өөрөө тавьчихсан л даа. Үнэртэй усны талаар олон зөвлөгөө бичдэг байсан юм. Үнэртнийг яаж хэрэглэх, үнэртнийг шошгыг хэрхэн ойлгох гэх мэтээр зөвлөгөө оруулдаг юм. Ингэхдээ арай өөр хошин аясаар “За хүүхдүүдээ сууж байгаарай, өвөө нь гоё юм ярьж өгье” гээд л Монгол ардын үлгэр ярьж байгаа шиг зөвлөгөөгөө оруулдаг юм. Тэр үеэс хойш “өвөө” гэж дуудуулдаг болсон доо. Түүнээс би өвөө биш л дээ. /инээв/

-Яагаад үнэртэнд дурлагсдыг нэг дор цуглуулах, ийм нэртэй клуб байгуулахаар болсон бэ?

-Би анх англи хэл дээр байдаг олон улсын группэд гишүүн байсан юм. Тэгээд нэг өдөр “яагаад Монголдоо үнэртэй усанд дурлагсдын групп байгуулж болохгүй юм бэ” гэж бодогдоод байгуулсан. Олон улсын үнэртэй ус сонирхогчдын групп 5000-6000 гишүүнтэй байсан. Би анх группээ байгуулж байх үед “за 2000 гишүүнтэй болчихвол болно доо” гэсэн зорилготой байсан. Тэгсэн 4 жилийн дотор 100 гаруй мянган гишүүнтэй болсон байна. Тэгэхээр Монголчууд үнэртний соёлтой, үнэртэнд ямар их дуртай вэ гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.

-Ингэхэд та хэдийнээс үнэртэнд дурлах болов?

-Багадаа үнэртэй ус түрхэх дуртай байлаа. Гэхдээ сүүлийн найман жилд үнэртэй усны талаар илүү нарийн судалж, үнэртэнд дурлагсадтай уулзах болсон. Сонирхолтой шүү.

-Үнэртэй усыг сайн, муу гэж хэрхэн ялгах вэ. Ихэнх хүмүүс үнэрээ удаан барьдаг ус авахыг хүсдэг. Гэвч энэ чанартай сайн ус байж чадах уу?

-Үнэр барих чадвар ус болгонд өөр өөр байдаг. Тухайн үнэртэй усанд орсон найрлагаас шалтгаална. Үнэрээ удаан барьдаг ус болгон сайн чанарын гэж бодож болохгүй. Хүмүүс үнэрээ удаан барьдаг л бол сайн гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэртэй ус таныг илэрхийлж буй үнэр гээд ойлгох хэрэгтэй. Үнэртэй усаа ажиллаж буй орчиндоо зохицуулж сонгох хэрэгтэй. Ер нь үнэртэй ус хоёроос, гурван цаг л үнэрээ барих нь л зөв.

-Тэгэхээр байнга сайхан үнэртэй байхын тулд ус сэргээж түрхэх ёстой гэсэн үг үү?

-Би жишээ нь өдөрт дээд тал нь гурваас дөрвөн удаа үнэртээ усаа сэргээдэг. Гэртээ байхдаа ч үнэртэн түрхдэг гэж ойлгож болно. Бас орой унтахынхаа үед ч үнэртэн түрхдэг болчихсон. Сайн нойр авахад сайхан үнэр тус болно шүү дээ.

-Салшгүй сайхан үнэр гэж байдаг байх. Таны хувьд нэг үнэртэй усыг хэр хугацаанд хэрэглэж байна вэ?

– Би бол хувийн цуглуулгандаа олон үнэртэй устай. Тийм учраас нэг үнэртэнг нэг өдөр түрхээд орхих үе бий. Гэхдээ зарим тохиолдолд сайхан үнэрт нь дурлаад хоёроос, гурван өдөр салахгүй түрхэх үе ч байдаг.

– Үнэртэй усыг удаан хадгалбал үнэр нь өөрчлөгддөг. Тэгвэл нэг усыг хэр хугацаанд хадгалах боломжтой байдаг вэ?

– Ойролцоогоор гурван жил хадгалахад болно. Гэхдээ үнэртэй усыг олон жил хадгалах боломжтой. Ингэхдээ харанхуй, хуурай, сэрүүн орчин сонгож хадгалах хэрэгтэй.

-Үнэртэнд дурлагч “өвөө” маань Голланд улсад өмгөөлөгчөөр ажилладаг гэсэн. Яаж яваад өмгөөлөгч болов. Яагаад Голландад ажиллах болов. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би цагдаагийн сургуульд их сонин тохиолдлоор орсон. Намайг ерөнхий боловсролын сургууль төгсөж байхад гадаад харилцаа, эдийн засгийн сургуулийн хувиар байсан л даа. Гэвч би тэнцээгүй. Тэгээд сургуулиа төгсөөд нэг жил наймаа хийсний дараа цагдаагийн сургуульд хуулийн ангид орж байлаа. Мэргэжлээрээ Монголдоо ажиллаж байгаад АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явсан. АНУ-д сурч төгсөх үед цаашдаа олон улсад ажиллах боломжтой юм байна гэж харсан. Тэгээд л интернетээр ажил хайхад, Гааг хотод өмгөөлөгчийн туслах, өмгөөлөгч гэх ажлын байрны зар гарсан байсан. Тэгээд анкетаа бөглөж, бичгийн шалгалт өгөөд, Гаагд ирж ярилцлаганд  ороод тэнцэж байсан. Ингээд л нэг мэдэхэд 12 жил ажиллачихсан байна.

-Бидний урилгыг хүлээн авч, үнэртэний тухай ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа, та бүхэнд

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …